Зарим том тэмцээний үеэр теннисчдээс сэргээшийн шинжилгээ огт авдаггүй гэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА./TASS/.Мэргэжлийн теннисчдийн холбооноос 2016 онд зохион байгуулсан зарим томоохон тэмцээний үеэр тамирчдаас сэргээшийн шинжилгээ аваагүй тухай “Таймс” сэтгүүлд бичжээ.
Тухайлбал, 4 сая долларын шагналын сантай Шанхайн мастеруудын тэмцээний үеэр сэргээшийн шинжилгээ аваагүй аж. Хэдийгээр томоохон тэмцээнүүдийн үеэр шинжилгээ авахад шаардлагатай тоног төхөөрөмж, байр байдаг боловч тэдгээрийг ашигладаггүй байжээ. “Таймс” сэтгүүлд дурдсанаар, зарим томоохон тэмцээний үеэр сэргээшийн шинжилгээг хэдэн жилийн турш огт аваагүй гэнэ.
Мэргэжлийн теннисчдийн холбооны чансаагаар эхний 50-д багтдаг нэгэн теннисчний ярьснаар, тэрбээр жилд 20 гаруй тэмцээнд оролцож, 65 тоглолт хийхдээ ердөө 8 удаа шинжилгээнд хамрагдаж байжээ.
Харин Олон улсын теннисний холбооны /ITF/ шинжлэх ухаан судалгааны хэлтсийн захирал Стюарт Миллер “Таймс” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Олон улсын сэргээшийн агентлагийн /ВАДА/ зүгээс тэмцээний бүрийн үеэр шинжилгээ авч байх хэрэгтэй гэж шаарддаггүй байсан” гэлээ.
“Тэмцээн болгоны явцад сэргээшийн шинжилгээ авах боломж байлаа ч гэсэн манай холбоо үүнийг хийхгүй л болов уу” гэж тэрбээр хэлээд, теннисний спорт дахь сэргээшийн эсрэг тогтолцоо үр дүнтэй ажиллаж байгааг онцолжээ.
Х.Сарнай