Ч.Ганхуяг: Хамгийн түрүүнд “Цэвэр хот” хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-23 09:45:57

Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж буй Ч.Ганхуягийг ярьж ярилцлаа. Тэрбээр орон нутгийн төр, захиргааны байгууллагад 30 гаруй жил ажиллаж буй нэгэн юм.

-Сайн байна уу. Юуны өмнө Хэрлэн сумын иргэдээ төлөөлөх төлөөллийн байгууллагын удирдлагаар сонгогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Миний хувьд Хэрлэн сумынхаа гуравдугаар багаас гурав дахь удаагаа сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Намын хамт олон итгэл хүлээлгэж сумын ИТХ-ын даргад нэр дэвшүүлж, сонгогдоод ажлаа аваад байна.

- Энэ удаагийн Хэрлэн сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн онцлог нь юу вэ?

-2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн энэ удаагийн сумын ИТХ-д дийлэнх нь залуучууд байгаа гэдгээрээ онцлог. Бүтэц бүрэлдэхүүний хувьд МАН-17 төлөөлөгч, АН-14 төлөөлөгч сумын ИТХ-д нийтдээ 31 төлөөлөгч хуулийнхаа дагуу сонгогдсон. Ажил мэргэжлийн хувьд багш-6, хүний эмч-4, нягтлан бодогч, эдийн засагч-6, инженер-5, сэтгүүлч-1, социологич- 1, бусад мэргэжилтэй-3, мэргэжилгүй-6 төлөөлөгч байна. Насны хувьд 25-40 насны 18 төлөөлөгч, 41-50 насны 8 төлөөлөгч, 51-60 насны 4 төлөөлөгч, 60-аас дээш насны 1 төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй байгаа. Цаашид төсөв санхүү, нийгмийн бодлогын байнгын хороо, төрийн байгуулалт иргэдийн өргөдөл гомдлын байнгын хороо, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо гэсэн хороодод төлөөлөгчид арав, араваараа хуваарилагдаж ажиллана.

- Шинээр бүрэлдсэн ИТХ хэдэн удаа хуралдав, ямар ямар асуудлыг хэлэлцэв?

-ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 100%-ийн ирцтэй болсон. Тус хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн. Сумын ИТХ-ын даргаа сонгоод, Тэргүүлэгчдээр Г.Бат-Эрдэнэ, О.Од-Эрдэнэ, Д.Энхтуяа, Ш.Шинэбаяр, Х.Өлзийбат, М.Чинбат, Ч.Ганхуяг нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгогдсон. Хэрлэн сумын Засаг даргаар Ц.Идэрбатыг нэр дэвшүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргаар батламжлагдаад ажилдаа ороод байна. Мөн саяхан Тэргүүлэгчдийн хуралдаан болж, Хороод байгуулах, Хуралдааны дэг хэлэлцүүлэх, Сумын 2017 оны төсвийн төсөл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын эрэмбэлсэн жагсаалтыг батлах, Төрийн дээд шагналд өргөн мэдүүлэх, Сум хөгжүүлэх, ЖДБДСангийн төсөл сонгон шалгаруулах зээлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, 2016 оны зардлын төсөвт тодотгол хийх, С-78 байрны иргэдийн хүсэлтийг хэлэлцэх, Тогтоолд өөрчлөлт оруулах, Сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай, Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг тус тус хэлэлцсэн. Энэ сарын 19-нд Хэрлэн сумын ИТХ-ын 2-р хуралдаан болж, дээрх асуудлуудыг төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцэн баталсан байгаа.

-2017 оны ОНХС-гийн хөрөнгөөр Хэрлэн суманд хийгдэх ажлуудаас дурдвал?

-Хамгийн түрүүнд хийгдэх ажил бол “Цэвэр хот” хөтөлбөр байгаа. Үүний хүрээнд гудамжны гэрэлтүүлэг солих, чимэглэлийг нэмэгдүүлэх, завсарлах, нохой устгалыг жилийн турш зохион байгуулах, хотын хонхор хотгор газар тэгшлэх зэрэг ажлыг хийхэд 54 сая төгрөгийг тусгасан. Мөн байгаль орчин, гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, Үндэсний их баяр наадам тэмдэглэх, 1,5-р цэцэрлэгийн зөөлөн эдлэл, 6-р багт мал угаалгын ванн, тарилгын хашааг сэргээн засварлах, гудамжны тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, шинээр нэмэгдүүлэх гарц, талбай, хүүхдийн байгууламжийн орчимд тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, гудамж, орон сууц, барилга байгууламжийн хаягжилтыг шинэчлэх гэх зэрэг ажлуудыг хийхээр тусгаад байна.

Д.Одонтунгалаг

Связанные новости