Иргэд сайн дураараа нэгдэн орцоо камержуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-25 00:18:32

Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын 4 дүгээр багийн Хэрлэн хорооллын А/60 тоот байрны нэгдүгээр орцны оршин суугчид нэгдэн орцны гадна болон дотор талдаа камер байршуулжээ.

Тэд нийгмийн хариуцлага, өөрсдийн аюулгүй байдал, цэвэр орчиндоо анхаарал хандуулж, сайн дурын үндсэн дээр ийнхүү нэгдсэн байна. Уг камерын зардлыг орцны иргэд өөрсдөө төлсөн бөгөөд дунджаар нэг өрхөөс 50.000 төгрөг зарцуулжээ. Энэ санаачлагыг аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газраас ихээхэн сайшааж хүлээн авсан аж. Учир нь ирэх оноос Хэнтий аймагт хэрэгжих “Сайн хөршийн холбоо” хөтөлбөртөй уялдаж байгаагаараа онцлогтой юм байна.

Мөн Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д “Иргэн хүн оршин суугаа нутаг дэвсгэртээ нийгмийн хэв журам сахиулах талаар нутгийн захиргааны байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээнд оролцоно” гэсэн үүргийг бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд сурталчилсан бодит ажил болж чаджээ.

Д.Одонтунгалаг

 

Связанные новости