Урьдчилсан дүнгээр 1,7 сая толгой мал тоолуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЖилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Дорнод аймгийн хэмжээнд 1,7 сая толгой мал тоолуулав.
Цагаан-Овоо сум 158,9 мянган мал тоолуулсан нь хамгийн олон бол Халхгол сум 54,8, мянган мал тоолуулсан нь өмнөх оноос хамгийн их буюу 19,7 хувиар өссөн дүн юм. Аймгийн дүнгээр малын тоо 1,6 хувь өсчээ. Тус аймгийн хувьд малын тоо 2 саяд хүрнэ гэж тооцоолж байсан ч мичин жилийн өвөл чанга болно гэсэн таамгаар малчид малаа их хэмжээгээр нядалж, борлуулж байгаа гэнэ.
Аймгийн Засаг даргын захирамжаар өрх, хүн амын шинэчилсэн бүртгэл хөтлөх, мал тэжээвэр амьтдын тооллогын аймгийн комисс байгуулагдаж, энэ сарын 7-17-ны өдрүүдэд 14 суманд хуваагдан ажиллаж, хугацаанд нь дүн мэдээгээ гаргасан тухайгаа өнөөдөр танилцуулав.
Б.Туяа