Иргэдийг www.ebarimt.mn дэх хувийн мэдээллээ бүрэн оруулахыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНӨАТ-ын 20 хувийн буцаан олголт авах иргэдийг www.ebarimt.mn цахим хуудсан дахь хувийн мэдээллээ бүрэн оруулахыг Сангийн яамнаас уриаллаа.
Сангийн яам, ТЕГ болон Гааль, татварын мэдээллийн технологийн төв (ГТМТТ) хамтран НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтыг ирэх оны гуравдугаар сарын 31-ний дотор хийхээр ажиллаж байгаа юм. Иргэд буцаан олголтоо авахын тулд www.ebarimt.mn цахим хуудасны Данс тохируулах хэсэгт өөрийн овог нэр, утас болон дансны дугаар, банкны нэрийг крилл үсгээр бүрэн оруулсан байх ёстой. Гэвч иргэд дансны дугаар хэсэгт картын дугаараа оруулах, өөрийн нэрний оронд хүүхдийнхийгээ бичих зэрэг зөрчил гаргадаг аж. Үүнээс үүдэн энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хойш зохион байгуулсан НӨАТ-ын 18 удаагийн сугалаанд азтан болсон зарим иргэд мөнгөө авч чадаагүй гэдгийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэллээ.
Тэрбээр, “Дээрх зөрчлөө ирэх оны нэгдүгээр сарын 05-ны дотор засахгүй бол НӨАТ-ын 20 хувийн хувийн буцаан олголт авах боломжгүй бөгөөд мөнгийг Төрийн сан руу буцаах юм. Арилжааны банкууд нэг гүйлгээг буцаахдаа 180 төгрөгийн шимтгэл авдаг. Өөрөөр хэлбэл, хувийн мэдээллээ баталгаажуулаагүй 10 мянган иргэний гүйлгээ Төрийн сан руу буцахад 1.8 сая төгрөгийн шимтгэл төлөх болж байна. Энэ нь улсад ч, иргэнд ч хохиролтой юм. Өнөөдрийн байдлаар www.ebarimt.mn цахим хуудсан 618 мянган гаруй иргэн хувийн мэдээллээ бүрэн оруулсан байна. Мөн мэдээлэл дутуу 250 мянга орчим иргэн бий. Үүнээс 130 мянга гаруй иргэнд гар утсаар нь дамжуулан ирэх сарын 05-ны дотор хувийн мэдээллээ бүрэн оруулахыг анхааруулсан мессеж илгээсэн” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр