Өмнөговь аймаг шилдэг хүүхдүүдээ шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-02 23:55:07

Өмнөговь аймагт шинэ оны босгон дээр  шилдэг хүүхдүүдээ шалгаруулсан байна.

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран 2016 оны шилдэг тэргүүний сурагчдын шалгаруулдаг “Одод буусан үдэш” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд шилдэг манлайлагч 150 хүүхдээс гадна аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч Х.Батболд, АЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, НБХ-ын дарга Ү.Энхцацрал, БСУГ-ын дарга н.Бат-Эрдэнэ, ИТХ-ын ахлах мэргэжилтэн О.Батчимэг, НБХ-ын мэргэжилтэн Б.Оюунбилэг, Т.Мөнгөнтуул нар урилгаар оролцсон юм. 

Оны шилдэг оюунлаг сурагчаар Ханбогд сумын 8 дугаар ангийн сурагч С.Мөнх-Оргил шалгарсан байна. Тэрээр таван настайгаасаа эхлэн 100 буудалт даам, шатар сонирхон хичээллэж эхэлсэн бөгөөд 2016 онд Монгол Улсад зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль, нэг мөнгөн медаль хүртэж, Турк улсын Измир хотод зохиогдсон өсвөрийн ДАШТ-нд оролцож Турк даамны төрөлд “Дэлхийн аварга” болсон Монгол Улсын спортын мастер хүүхэд юм.

Мөн оны шилдэг авъяаслаг сурагчаар Ө.Өсөх-Ирээдүй, шилдэг удирдагч сурагчаар М.Золбоо, Н.Ганбилэг, шилдэг спортлог сурагчаар Ч.Мөнхболд, Х.Одгариг, шилдэг бүтээлч сурагчаар Х.Батболд шалгарсан бол шилдгийг шилдэг сурагчаар П.Энх-Эрдэнэ, Б.Бадралттөр нар үе тэнгийнхээ хүүхдүүдийг манлайлжээ.

Д.Мишигсүрэн

Связанные новости