Хүүхдийн цэцэрлэгийг түр хугацаагаар хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-05 17:15:42

Дорнод аймгийн Засаг даргын захирамж гарч Хэрлэн сумын цэцэрлэгүүдийг энэ сарын 15-наас 01-р сарын  12 хүртэл түр хаахаар боллоо. 

Учир нь тус аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 20 шахам хувийг  эзэлж байна. Иймд дээрх хугацаанд хүүхдүүдийн дунд хэт бөөгнөрөл үүсэх ажлыг зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллагын удирдлагуудад захирамжаар даалгажээ.

Ирэх 3-р сарын 01-нийг хүртлэх хугацаанд Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахаар болж, амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдээ асарч буй эх, эцэгт эмчийн магадлагааг үндэслэн 3-5 хоногийн чөлөө олгохоор болсон байна.

Одоогоор хүүхдийн тасагт 41 хүүхэд хэвтэн эмчлүүлж, эрчимт эмчилгээний тасагт 11 хүүхэд байгаагийн хоёр хүүхдийн биеийн байдал маш хүнд, гурван хүүхэд хүнд байдалтай байгаа талаар аймгийн Онцгой байдлын комиссын хуралдаан дээр холбогдох газрынхан мэдээлэв.

БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ачаалал хэтэрч, өөр тасагт өрөө нэмжээ. 0-4 насны хүүхдүүдийн дунд өвчлөл их, бага насны хүүхдүүдэд гуурсан хоолойн хүнд хэлбэрийн үрэвсэл,архаг бронхит болон хүндээр тусч байгааг анхааруулж байлаа.

Чойбалсан хотын хэмжээнд 19 цэцэрлэгт 3897 хүүхэд хүмүүжиж байна.

                                                                                                                                                Б.Туяа

 

 

Связанные новости