Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын бүтэц, орон тоо шинэчлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-06 10:38:43

Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/730 тоот тушаалаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ.

Үүнд, Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн тасгийг Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс болгон өргөтгөж, тус хэлтэст Бор-Өндөр, Галшар, Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдыг харьяалуулахаар, - Жаргалтхаан, Биндэр, Батноров сум дахь сум дундын цагдаагийн хэсгийг тасаг болгон өргөтгөж, газар нутгийн байршлыг харгалзан Жаргалтхаан сум дахь цагдаагийн тасагт Мөрөн сумыг, Биндэр сум дахь цагдаагийн тасагт Хурх тосгоныг харьяалуулж, тус нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлт, урьдчилан сэргийлэх ажлыг хариуцуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн орон тоог мэргэшсэн 6 алба хаагчтай болгон нэмэгдүүлж, бие даасан хэсэг болгон өргөтгөжээ. Ингэснээр орон нутгийн иргэд нутаг дэвсгэрийн харьяаллын цагдаагийн хэлтэс, тасагт хандан санал хүсэлтээ гаргаж, түргэн шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэж байна.

Дээрх санаачлагыг анх Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат гарган тус байгууллагын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, иргэдэд цагдаагийн байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор бүтэц, орон тоог шинэчлэх саналаа удирдах байгууллагадаа хүргүүлээд байсан нь ийнхүү биелэлээ олсон аж.

Д.Одонтунгалаг

 

Связанные новости