Мандалговийнхны цэвэр усны хоолойд гэмтэл гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-16 15:57:33

Мандалговь хотынхны цэвэр усны эх үүсвэр болох Олгойн говийн худгаас аймгийн төв рүү татсан шугам хоолой цоорч, өчигдрөөс эхлэн усны хангамжийг Мандалговийн төв дэхь нөөц худагт шилжүүлсэн байна.

Энэ тухайд цэвэр усны хангамжийг хариуцан ажилладаг “Дундговь- Ус” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б. Отгонтөгсөөс тодруулахад, “Олгойн говиос аймгийн төв рүү чиглэсэн усны хоолой анх удаа ингэж цоороогүй. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд дөрөв дэхь удаагаа өвлийн хүйтэнд ийнхүү цоорч, хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Хадархаг газар хуванцар хоолойг ямар ч хамгаалалтгүйгээр тавьсан нь шугам гэмтэж цоороход хүргэж байна. Шугам хоолойн гурван км орчим үргэлжилсэн хэсэг зайд цооролт ийнхүү давтан үүсдэг. Өчигдөр шугам хоолойг засварлахаар ажиллаж эхэлсэн. Гэтэл экскаватороор ухах үед усны хоолой дөнгөж 1.8 метр орчим гүнээс гарч ирлээ. Энэ бол хөлдөлтийн түвшин.  Шугам хоолойг 3 метрийн гүнд байршуулах ёстой байдаг тул зөвхөн цооролтыг бөглөөд орхих бус хоолойг стандарт гүнд нь байршуулах шаардлага бас гарч ирсэн” гэлээ.

Ундны усны шугамыг хуванцар хоолойгоор солих ажил нийт 5.2 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэйгээр 2009 онд эхэлсэн байдаг. 1.8 тэрбум төгрөгийн ажлыг “Одкон Холдинг” ХХК гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд дараа нь 2012 онд 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Боорчи”, Эн Эй Би” ХХК хамтран шугам хоолойн шинэчлэлийг үргэлжлүүлж дуусгасан.Эл хоёр компанийн сольсон шугам хоолойд ийнхүү доголдол давтан гарсаар байгаа ажээ.

Мандалговь хотынхон хоногт 1800 гаруй куб.м ус хэрэглэдэг. Энэ хэмжээний усыг Мандалговийн төв дэхь нөөц худгаас хангана гэдэг хүндрэлтэй тул Олгойн говийн худгийн шугам хоолойг маш яаралттай засварлахаар “Дундговь- Ус- ОНӨҮГ- ын ажилчид ажиллаж байна.

Өнөө өглөө Олгойн говийн худгийн гэмтэл гарсан шугам хоолойг ЗДТГ- ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар газар дээр нь очиж үзсэн байна.  

Т. Отгонтуяа         

 

 

Связанные новости