“Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүр үүдээ нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговьд саатсан хэн боловч ороод гарах нэгэн дэлгүүр үүдээ нээлээ. “Дундговьд үйлдвэрлэв” хэмээх энэ дэлгүүр тус аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нэг цэгээс худалдан борлуулж, зах зээлд таниулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг өргөжүүлэхэд дэмжин туслах нь зорилготой юм.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс хөнгөлөлттэй зээлээр дэмжин, хөгжүүлэх бодлого барьдаг ч хөдөө орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах тал дээр дэмжлэг дутагдаж ирсэн. Энэ нь ч үйлдвэрлэл эрхлэгчдийн хамгийн түрүүнд дурьддаг тулгамдсан асуудал болж байсан юм. Үүнд нэмэр тус болох үүднээс Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Дундговь аймаг дахь салбар санаачлан “Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүрийг нээжээ.
Энэ санаачлагыг аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, ХХАА- н газар, “Дэлхийн зөн Дундговь” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зэрэг байгууллага дэмжин хамтран ажилласан байна.
Дэлгүүрийг нээхэд аймгийн Засаг дарга нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд тэрээр хэлэхдээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж байсан бүтээгдэхүүнээ зах зээлд таниулж худалдан борлуулах асуудлыг шийдэхэд ийнхүү хувь нэмэр болсон үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлж, ийм цэгийг Улаанбаатар хот болон БНХАУ- ын Эрээн хотод нээхээр төлөвлөж байгааг хэлсэн юм. Дундговь аймгийн хувьд энэ оныг үйлдвэрлэлийг дэмжих жил болгосон. Үйлдвэрлэлийг дэмжих жилийн ажлын эхлэл болж ийнхүү “Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүр нээгдэж байна. Дэлгүүрт одоогоор 63 үйлдвэрлэгч 160 гаруй бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байна. Даланзадгад, Улаанбаатар руу чиглэн Мандалговь хотыг дамжин өнгөрдөг замын хажууд дэлгүүрийг байршуулсан бөгөөд дэлгүүрийн түрээсийн төлбөрийг аймгийн ХХҮГ хариуцан төлөх ажээ.
Т. Отгонтуяа