Мандалговьд шинэ цэвэрлэх байгууламж барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭнэ онд Мандалговь хотод шинэ цэвэрлэх байгууламж барих томоохон ажил Барилга хот байгуулалтын сайдын Дундговь аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагджээ.
Энэ талаар аймгийн Засаг дарга тодруулахдаа, цэвэрлэх байгууламж барих тендэр ирэх зургадугаар сард зарлагдаж, наймдугаар сар гэхэд ажил эхлэх чигтэй байгаа гэлээ.
Мандалговийн одоо ашиглаж байгаа цэвэрлэх байгууламж механик ажиллагаатай, хоногт 1300 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтайгаар анх ашиглалтад орж байсан ч ашиглалтын явцад элс баригч болон 3 тунгаагуур нь ажиллагаагүй болсноор зөвхөн нэг тунгаагуураар бохир ус шүүгддэг болсон. Мандалговийн суурьшлийн бүс тэлж, шинээр газар олголт цэвэрлэх байгууламжийн хаяанд тулж очсон, эл байгууламжийн хүчин чадал, хэвийн үйл ажиллагаа улам бүр доройтож байгаа, байгальд хаягдаж байгаа уснаас үүдэлтэй хөрсний бохирдол ихэссэн зэрэг олон хүчин зүйл Мандалговьд цэвэрлэх байгууламж яах аргагүй шаардлагатай гэдгийг харуулсаар ирсэн юм.
Харин эл асуудал ийнхүү нааштайгаар шийдэгдэх болсон нь Мандалговийнхны чихэнд таатай сонсогдож байна. Шинэ цэвэрлэх байгууламжийг одоо байгаа хуучин цэвэрлэх байгууламжаас цааш хоёр км гаруй холтгон барих бөгөөд байгальд халгүй, эко технологиор барих юм байна. Энэ нь дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт болох ажээ.
Т. Отгонтуяа