Урд бүсийн сумдад гамшгийн эрсдлийг бууруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж  эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-26 16:13:18

АНУ-ын ОУХА-ын харъяа Гамшигт Нэрвэгдсэн Гадаад Орнуудад Тусламж Үзүүлэх Албаны (USAID OFDA) санхүүжилтээр “Мерси Кор” ОУБ-ын хэрэгжүүлж буй “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь” төсөл Хэнтий аймгийн Галшар, Баянмөнх, Баянхутаг, Дэлгэрхаан, Дархан, Бор-Өндөр сумдад хэрэгжиж эхэллээ.

Төслийн хүрээнд гамшгийн эрсдлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг сайжруулах чиглэлийн хүрээнд Онцгой байдлын газар, “Мерси Кор” ОУБ-ын Хэнтий аймаг дахь түншлэлийн зохицуулагч, сумдын ЗДТГ-тай хамтран малчдын амжиргааны эх үүсвэр болох “Мал амьтанд яаралтай тусламж үзүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд баримтлах заавар стандарт” сургалтыг сумдын Онцгой комиссын гишүүд, багийн Засаг дарга, ТББ, хувийн хэвшил, малчдын төлөөллийг оролцуулан зохион байгуулжээ.

Тус сургалтыг 2016 оны 11 сард Хэнтий аймагт зохион байгуулагдсан “Сургагч багш” бэлтгэх сургалтанд хамрагдсан сумын “Сургагч багш” нар болон аймгийн Онцгой байдлын газрын Эмч-сэтгэл зүйч, онцгой байдын дэслэгч  Н.Дарьсүрэн, “Мерси Кор” ОУБ-ын аймгийн түншлэлийн зохицуулагч Н.Баярцэцэг нар хамтран зохион байгуулж явуулсан бөгөөд 6 сумын нийт 126 хүн хамрагдсан байна.

Сургалтын хөтөлбөрийн дагуу сумдад “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г  Монгол улсын Засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолыг мөрдлөг болгон, тус сургалтаар заагдсан “Мал амьтанд чиглэсэн Олон улсын заавар стандарт”-тай уялдуулан шинэчлэн боловсруулж, батлуулан ажиллах талаар үүрэг чиглэл өгч, зөвлөн тусалжээ.

Төслийн хүрээнд Хэнтий аймгийн урд бүсийн 6 сумын малчид, иргэд сум болон багийн түвшинд цаг агаар, бэлчээрийн мэдээллийг мессежээр авах боломж бүрдсэн бөгөөд тус үйлчилгээг ашигласнаар иргэд гэнэтийн гамшиг осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, бэлчээрийн үнэн зөв мэдээллийг авсанаар отор нүүдлээ оновчтой шийдэх боломжтой юм байна.

Д.Одонтунгалаг

 

Связанные новости