Цагдаагийн сэтгэл зүйчид хүчирхийлэлтэй тэмцэх сургалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-03 13:56:49

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын сэтгэл зүйчдийг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр чадавхижуулах нь” сэдэвт сургалтад хамрууллаа. Сургалтын хаалтын ажиллагаа өнөөдөр Сургалтын төвд болж, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж оролцон сертификат гардуулав.

Тус сургалтад хамрагдсан төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 36 сэтгэлзүйч Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын “Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслөөр бэлтгэгдсэн сургагч багш, ШУТИС-ийн БХУС-ийн Сэтгэл судлалын төвийн сэтгэл зүйн оношлооч, сэтгэл засалч багш нар хичээл заалаа. Цагдаагийн сэтгэл зүйчид зөвхөн алба хаагчиддаа сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байсан бол гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэн, аюулын зэргийн түвшин өндөртэй хохирогчид сэтгэл зүйн тусламж үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шалгаж буй алба хаагчтай хамтарсан багаар ажиллах юм. Цаашид дүүрэг, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд олон алба хаагчдад энэ сургалт үргэлжилнэ. Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг алдалгүй, шуурхай хүлээж авахын тулд НҮБ-ын байгууллагын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Мэдээллийн сан боловсруулах төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл энэ төрлийн гэмт хэргийн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага бүрэн гүйцэт, алдалгүй хүлээн авах боломжтой болно. Мөн  шат шатны хяналтын байгууллагын системийг сайжруулж Эмнэлэгт суурилсан нэг цэгийн үйлчилгээ, Хамгаалах байр, Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг төрийн болон ТББ-уудын ажлын уялдаа холбоог сайжруулах арга замыг эрэлхийлж байна.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс орон нутагт ажиллаж байгаа тусгай дугаарын 102 утсыг ЦЕГ-ын МШУТ-ийн 102 дугаартай холбон ажиллаж байна гэж  ЦЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Связанные новости