Мялзаны вакциныг ойрын хугацаанд хийж дуусгахыг үүрэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗэрлэг амьтад, тэр дундаа монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр олноор хорогдоод байгаатай холбогдуулж ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Говь-Алтай аймагт ажиллалаа.
Бригадын генерал Т.Бадрал энэ үеэр бөхөн нутаглаж байгаа бүс нутгийн малчидтай харилцан тохиролцож нүүдэл суудлыг хойшлуулах талын судалгааг хийх, бог малын мялзан өвчний вакцинд хамрагдаагүй 4 суманд бог малын мялзан өвчний вакциныг ойрын хугацаанд хийж дуусгах, бөхөн үхэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөрүүтэй тоон мэдээлэл яваад байгааг цэгцэлж, бодит мэдээлэл өгөх зэрэг үүргийг аймгийн Онцгой комисст өглөө.
Мөн энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй хууль эрхзүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, албан хаагчдын санал хүсэлтийг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар тодорхой үүрэг чиглэлийг өгсөн юм.
Ажлын хэсгийнхэн бөхөн нутаглаж байгаа, өвчний тархацтай газар нутаг буюу Баян-Уул, Хөхморьт, Дарив, Тонхил сумдад байгаа устгалын цэг, хяналтын постыг шалгаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр Ховд аймгийг зорилоо.
Б.Туул