Сүхбаатар аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-02-04 13:38:51

Сүхбаатар аймгийн Засаг дарга өчигдөр "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" захирамж гаргажээ.

Одоогийн байдлаар тус аймгийн Эрдэнэцагаан сумын гурван голомт, Асгат сумын гурван голомтод малын гоц халдварт шүлхий өвчнөөр 133 толгой мал өвчилснөөс 113 толгой малыг зориудын аргаар устгаж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Аймгийн хэмжээнд хорио цээр, халдваргүйтгэл, устгалын ажилд нийт 123 албан хаагч, 31 автомашин ажиллаж байгаагаас онцгой байдлын байгууллагаас 35 албан хаагч, 5 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Аймаг, сумын хэмжээнд суурин 9 пост, хөдөлгөөнт 12 пост ажиллаж хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Тус захирамжаар аймгийн хэмжээнд уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, хурал цуглаан, спортын бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг үүрэг болгов.

Б.Туул

 

Связанные новости