Энэ сард 86 мянган тээврийн хэрэгсэл эзэмшигч төлбөр төлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭнэ сард 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч татвар төлбөрөө төлнө.
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлдөг. Нэг болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч нэгдүгээр сард татвар төлбөрөө төлөхөөр заасан. Өнгөрөгч сард нийслэлийн хэмжээнд 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай 80757 тээврийн хэрэгсэл албан татвар, төлбөрт хамрагдах байсан ч 24161 буюу 30 хувь нь төлбөрөө төлжээ.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч заасан хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Захиргааны хуульд зааснаар 8000 төгрөгөөр торгодог. Мөн Татварын ерөнхий хуульд зааснаар хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, албан тушаалтныг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц төгрөгөөр торгохоор заасан байдаг.
Иймд “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлөхийг нийслэлийн Татварын газраас уриаллаа. Нийт 86744 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай юм.
Б.Туул