Нарантуулын дуулиант галын хэргийг шүүхээр шийдвэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНарантуул худалдааны төвийн даавуу, бөс бараа худалдаалах хэсэгт 2016 оны гуравдугаар сарын 03-ны өдөр гал гарч лангуу түрээслэгч олон иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан. Уг хэрэгт Нарантуул захын инженер, харуул хамгаалалтын ажилтнуудыг хэрэгт татан Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байв.
Н. Амгаланбаатар нарын долоон хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд эцсийн шийдвэр гаргасан байна. Нарантуул захын инженер болон эрх бүхий бусад албан тушаалтныг галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын удаа дараа өгсөн шаардлагыг биелүүлээгүй, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн этгээд хууль тогтоомж зөрчсөн, харуул хамгаалалтын ажилтнууд бусдын эд хөрөнгө хамгаалах үүрэгт хайнга хандсанаас онц их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцон Н. Амгаланбаатар нарт 2-3 жил хорих ял оноожээ. Гэвч ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн харгалзахаар болж, түрээслэгчдэд учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуулах шийдвэрийг анхан шатны шүүх гаргав хэмээн УЕПГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан