Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж 150.0 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-07 12:31:43

Энэ онд Хэнтий аймгийн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж 150.0 гаруй сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэжээ.

Энэ нь иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхэд Хэнтий аймгийн сумдын удирдлагуудын хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт төдийгүй хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байгаагийн нэг баталгаа аж.

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат энэ сарын эхээр сумдын шинээр байгуулагдсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нарыг хүлээн авч, ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог хангах, цагдаагийн алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах чиглэлээр зөвлөлдөж, хамтран ажиллах бүхий л боломжийг судлан хэрэгжүүлэх санал бодлоо солилцов.

Д.Одонтунгалаг

Связанные новости