Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15 хүртэл Хүй долоон худагт амжилттай зохион байгуулж аваргаа тодрууллаа.
Тэмцээнд нийт 15 багийн 180 тамирчид эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Энэ жилийн тэмцээнд гал унтраах техникийн олон төрөлт болон бусад спортын мастер 25, дэд мастер 32, спортын цол зэрэгтэй 45 тамирчин оролцсон нь багуудын чансаа ахисныг харуулжээ. Тамирчид жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулж эр зориг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар анги шалгарч алтан медаль, өргөмжлөл, шилжин явах цом, 1.000.000 төгрөгөөршагнуулав. Хоёрдугаар байрт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр анги шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, 800.000 төгрөгөөр, гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр анги шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, 600.000 төгрөгөөр шагнуулсан байна.
Мөн гал унтраах тархалтын цэгт хамгийн богино хугацаанд үүрэг гүйцэтгэж амжилт үзүүлсэн СХД-ийн ОБХ-ийн ГТУА-х 29 дүгээр ангийн гал сөнөөгч ахлах ахлагч Н.Баасандэмбэрэл, ахлагч О.Одбаяр, ахлагч С.Баттулга, дэд ахлагч М.Тогтохбаяр, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх аврах ажиллагааны цэгт хамгийн богино хугацаанд үүрэг гүйцэтгэж амжилт үзүүлсэн Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга дэслэгч Ж.Баярмагнай, аврагч ахлах ахлагч А.Энхмэнд, ахлах ахлагч Х.Цогбадрах, дэд ахлагч Ц.Даваабат нарын сарын үндсэн цалинг нэг сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар нэмэгдүүлэн шагналаа. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа П.Баттогтох, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нар тамирчдад шагнал гардуулан баяр хүргэлээ. Жил бүр марш тусгай бэлтгэлийн тэмцээнийг зохион байгуулснаар нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл сайжирч, тэсвэр хатуужил олгон, эр зориг, авхаалж самбааг сорьж, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэг дээшлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Ж.Батсайхан