Хяналтын байцаагч нарын амиа алдсан шалтгааныг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭрдэнэ сумын Улаан-Уул багийн нутагт ажиллаж байсан явуулын хяналтын цэгийн байр шатаж, төрийн хоёр албан хаагч амиа алдсан хэрэг гарчээ.
Сүхбаатар, Дорнод аймгаас ирж буй автомашин, зорчигчдыг шалгахаар Дорноговь аймгийн Засаг дарга Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх явуулын хяналтын цэг ажиллуулах захирамж гаргасан байсан юм.
Энэ сарын 13-14-нд шилжих шөнө дээрх золгүй явдал болжээ. Хяналтын цэгийн байранд Эрдэнэ сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Д, аймгийн Онцгой байдлын газрын ажилтан Ө нар байв. Шөнийн 04.00 цагийн орчимд тус сумын нутгаар явж байсан галт тэрэгний зорчигч чингэлэг шатаж байхыг хараад, холбогдох албадад мэдэгдсэн байна. Эрдэнэ сумын ЗДТГ-ын дарга И.Батсүрэн “Урьдчилан сэргийлэх пост ажиллуулаад удаагүй байсан юм. Д бид хоёр олон жил хамтран ажилласан. Д-гийн эхнэр нь хоёрдугаар сарын 13-ны 20.00 цагийн орчимд хоол хүргэж өгсөн гэсэн. Тэгэхэд хоёулаа шалгалтаа хийж байсан. Үүрээр хөдөлгөөн багассан үед байцаагч нар маань унтсан болов уу гэж таамаглаж байна. Талийгаач Ө эхнэр, хүүхэдгүй, 30 дөнгөж гарч яваа залуу” гэж ярьсан байна. Хэргийн газарт ажилласан Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын офицер Н.Батсүх "Мөрдөн шалгах ажлыг цагдаагийн хэлтсийнхэн эхлүүлсэн. Тэд гал түлж, байраа халаадаг байсан. Гал гарсан шалтгааныг нарийвчлан шалгаж байгаа” гэв. Энэхүү хэргийг эхлээд угаартсан гэж мэдээлсэн ч гал гарч, байр шатсан нь тодорхой болсон тул цагдаа болон галын мэргэжилтнүүд нарийвчилсан шалгалт хийж байна.
Ж.Батсайхан