Шүүгчийн сахилгын шийтгэлийн 80 хувийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгодог
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/ ШЕЗ-ийн байранд өнөөдөр 11 цагаас Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, доктор профессор Б.Уранцэцэг нар шүүгчийн ёс зүйн байдлыг тоймлон мэдээлэл хийв.
Шүүхийн ёс зүйн хороо 2016 онд 376 шүүгчид холбогдох 231 гомдол хүлээн авсан нь өмнөх оныхоос гомдол 7.8 хувиар, гомдолд дурдсан шүүгчийн тоо 33.5 хувиар тус, тус өсчээ. Ирүүлсэн гомдлыг Шүүхийн ёс зүйн хороо хэлэлцээд, 153 гомдолд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан бол 33 гомдолд сахилгын хэрэг үүсгэж, шийтгэл ногдуулсан гэдгийг тэд онцоллоо. Шүүхийн ёс зүйн хороо нь гурван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэд шүүгчидтэй холбоотой сахилгын хэрэг үүсгэх гомдлыг хянаж, шийдвэрээ гаргадаг. Сахилгын хэрэг үүсгэх боломжгүй байсан153 гомдлын талаар тайлбарлахдаа, шүүхийн ёс зүйн хорооны чиг үүрэгт хамааралгүй гомдол ирүүлдэг, тэдгээр гомдол нь нотлогддоггүй, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байдгийг дурдав.
Тус Ёс зүйн хороо өнгөрсөн онд 33 гомдлыг шалгаж сахилгын хэрэг үүсгэн, шийтгэл ногдуулжээ. Үүний найм нь сахилгын, гурав нь сануулга, дөрөв нь цалин бууруулах, нэг нь огцруулах шийтгэл байв. 2015 онд 13 сахилгын шийтгэл ногдуулснаас 10 нь сануулах сахилгын, хоёр нь цалин бууруулах, нэг нь огцруулах сахилгын шийтгэл байсан бол 2014 онд долоон сахилгын шийтгэл ногдуулсан ч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээр ороод хэрэгсэхгүй болгож байв. Шүүхийн ёс зүйн хорооны шийтгэлийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хянадаг тогтолцоотой тул Шүүхийн ёс зүйн хорооноос гаргасан сахилгын шийтгэл нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдах шатанд 80 орчим хувь нь хэрэгсэхгүй болдог гэдгийг ч хэллээ. Дээрх шийдвэрийг гомдол гаргагч болон иргэдийн зүгээс их эсэргүүцэж, “Шүүхийн ёс зүйн хороо шүүгчийн эрх ашгийг л хамгааллаа" хэмээн гомдол мэдүүлдгийг ч дуулгав. Энэ нь өнөөдрийн хэрэглэж байгаа Шүүгчийн ёс зүйн дүрэм, шүүгчийн ёс зүйн код нь шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа цаг үетэй нийцэхгүй болсныг харуулж буй учраас өөрчлөх шаардлага бий болж байна гэдгийг Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар тайлбарлав.
Ж.Батсайхан