Хямралыг сөрсөн эдийн засгийн өсөлтийг бий болгох хэрэгтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж. Санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, А.Бакей, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Р.Амаржаргал, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Төсвийн тодотголд Хөдөлмөрийн сайдын багц дээрээс 81 тэрбум төгрөгийн цалингийн нэмэлт урамшууллыг хассан нь ямар учиртай вэ хэмээн тодруулсан.
Уг асуултад Сангийн сайд Б.Болор,Энэ оны эхэнд баталсан төсвийн тодотголоор цалин нэмэхэд 90 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал муу байгаагийн улмаас хасах санал оруулж ирсэн хэмээн хариулав.
Мөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, эдийн засаг хүнд үед хэмнэлт хийх ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ хэт их хассанаар асуудлаа шийдвэрлэж чадах уу гэдгийг бодолцох ёстой байх. Хэрвээ хямрал байгаа бол түүнийг сөрсөн эдийн засгийн өсөлтийг бий болгох иш үндсийг тавьсан заалт оруулахад анхаарах хэрэгтэй гэсэн санал хэлэв.
Ийнхүү төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Ч.Ариунболд