“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-21 12:50:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын энэ оны 67 дугаар тогтоолын дагуу маргааш “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг Монгол Улсын хэмжээнд анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ.

Энэ өдөр газар хөдлөлтийн үед үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд иргэдийг сургаж бэлтгэх, таниулах арга хэмжээг ОБЕГ-аас орон даяар зохион байгуулах юм.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55 хувьд 7-8 балл, 20 орчим хувьд 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөх магадлалтай гэсэн судалгааг холбогдох албаныхан гаргажээ. Хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт байгаа аж. Мөн судалгаагаар нийслэлийн ойролцоо 6.6-7.6 баллын хүчтэй газар хөдөлвөл хотын барилга, байгууламжийн 22-50 хувьд эвдрэл гэмтэл, нуралт болох магдалтайг тогтоосон байна. Энэ нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Харин Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургалт энэ сарын 23-ны 16.00 цагт орон даяар болно. Уг арга хэмжээг ОБЕГ-аас иргэдэд гамшгаас өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалахад сургах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэхь долоо хоногийн Пүрэв гарагт зохион байгуулдаг. Дадлага, сургалт нь хоёр үе шаттай байна. Гамшгийн дуут дохио эхний удаа дуугархад иргэд “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох юм.

Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой аж.

Ч.Ариунболд

Связанные новости