Футзалын залуучуудын улсын аваргаар “Дэрэн”-чүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны футзалын ордонд энэ сарын 22-нд эхэлсэн залуучуудын футзалын УАШТ найман өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ тодруулахад "Дэрэн" багийнхан аварга болов.
“Арвис”, “Сэлэнгэпресс” багууд хүрэл медалийн төлөө тоглож “Арвис” клуб өрсөлдөгчөө 13:5-аар илүүрхэн хожиж хүрэл медалийн эзэд болов. Харин аваргын төлөөх өрсөлдөөнд “Дэрэн”, “Монголын тэмүүлэл” багууд тоглов.
Залуучуудын футзалын шигшээ багийн тоглогчдоос бүрдсэн хүчирхэг багуудын тоглолт нэн сонирхолтой өрнөж, эхний хагас 1:1-ээр өндөрлөлөө. Шийдвэрлэх үед “Дэрэн”-гийн шилдэг хослол А.Тэмүүжин хоёр, Б.Баттулга гурван гоол оруулснаар багтаа ялалт авчирлаа.
“Монголын тэмүүлэл” клубын шигшээ багийн тоглогчид болох Т.Ууганбаяр, Г.Цолмонбаатар, Э.Энх-Орчлон нар тус бүр нэг гоолыг оруулсан ч 7:4-өөр ялагдлаа. Мөн “Дэрэн” клуб болон 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн шилдгүүд болох Б.Баттулга шилдэг тоглогч, А.Тэмүүжин шилдэг довтлогчоор тус тус шалгарлаа. Тэмцээний шилдэг хаалгачаар “Монголын тэмүүлэл” клубын Г.Эрдэнэбаяр тодорлоо. Шилдэг шүүгчийн шагналыг Э.Галбадрах хүртлээ.
Дашрамд дуулгахад, ирэх тавдугаар сард Ази тивийн 20 хүртэлх насны залуучуудын АШТ-д энэ тэмцээнээс шалгарсан шилдгүүд оролцох юм.
Д.Өлзий