Дэлхийн хамгийн тарган хүн мэс засалд орно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНМЕХИКО. /Синьхуа/. Мексикийн эмч нар дэлхий дээрх хамгийн тарган эрэгтэй хүнд ходоод салаалах мэс засал хийх өдрийг товлосон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Хуан Педро Франко гэдэг энэ залуу эр өмнө нь хагас тонн гаруй буюу 595 кг жинтэй байсан бөгөөд мэс засалд орохын тулд гурван сарын турш хоолны дэглэм барьжээ. Мэс заслыг 5 дугаар сарын 9-ний өдөр хийхээр товлосон байна.
Тэрбээр Мексикийн Агуаскалиенте хотын уугуул бөгөөд тусгай эмнэлэгт хэвтэх хугацаандаа жингээ 175 кг-аар багасгасан байна.
“Франко жингийнхээ 30 орчим хувийг хасч чадсан бөгөөд илүүдэл жингийн мэс засалд ороход бэлэн болсон” гэж түүний эмч Хосе Антонио Кастанеда Круз хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.
Өнгөрсөн 11 дүгээр сард түүнийг тусгайлан төхөөрөмжилсөн машинаар Халиско мужийн Гвадалахара хотын эмнэлэгт хүргэн ирэх үед өдгөө 32 настай Франкогийн талаарх мэдээллүүд анх хэвлэлүүдэд гарч байжээ. Тухайн үед эмч Кастанеда чихрийн шижин зэрэг өвчний улмаас мэс засал хийх боломжгүй гэдгийг хэлж байсан аж. Франко тус эмнэлгийн сурталчилгааг интернетээс олж харснаар эмч нартай нь холбоо барьжээ. Үүнээс өмнө тэрбээр илүүдэл жингийнхээ улмаас сүүлийн 6 жилийг орондоо хэвтэж өнгөрүүлсэн байна.
Хэдийгээр тэрбээр жингээ хассан боловч мэс заслын үед хүндрэл гарахгүй гэсэн баталгаа байхгүй юм. Гэхдээ Франкогийн эмч өөдрөг бодолтой байгаа бөгөөд “бид зөв замаар явж байна” гэлээ.
“Ходоодыг салаалах эхний мэс заслаар түүний жинг 50 хувиар багасгах зорилготой бөгөөд үүний дараа хоёр дахь мэс заслыг хийх шаардлагатай” гэж Кастанеда хэлэв.
Франко өөртэй нь адил "гэртээ хоригдсон” хүмүүсийн талаар ярихдаа “тэдний зарим нь сэтгэлийн гутралаа дийлэлгүй эсвэл хэн нэгнээс тусламж авч чадаагүйн улмаас нас барсан байх” хэмээжээ. Тэрбээр илүүдэл жинтэй хүмүүст хандан "бусдаас тусламж хүсч байх"-ыг уриаллаа.
Б.Мишээл