Ахмадын ДАШТ-ээс Т.Цэрэндолгор жад шидэлтээр 2 алт, нэг мөнгөн медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Дэгү хотод хөнгөн атлетикийн ахмадын танхимын ДАШТ энэ сарын 19-25-нд болж Т.Цэрэндолгор жад шидэлтийн төрлөөр 75-79 насны ангилалд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ.
Энэ тэмцээнд 74 орны 4800 гаруй тамирчин оролцсон бол манай улсаас гавьяат тамирчин Д.Намжилмаагийн удирдлага дор 24 ахмад тамирчин өрсөлдөж, зургаан медаль хүртжээ.
Өнөөдөр амжилт гаргасан энэ ахмад тамирчдаа Монголын мастеруудын биеийн тамир спортын холбоо/ММБТСХ/-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар хүлээн авч, талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.
Дэлхийн долоон удаагийн аварга, мастеруудын олимпийн аварга, Ази тивийн 25 удаагийн аварга өдгөө 79 настай Т.Цэрэндолгор нь Ази тивийн дээд амжилтыг долоон удаа шинэчилсэн шилдэг ахмад тамирчин юм. Энэ удаагийн ДАШТ-ээс хөнгөн атлетикийн 8 км-ын зайн уралдаанд 55-60 насны ангилалд Ж.Энхтайван, 45-50 насанд О.Сарантуяа нар, жад шидэлтийн 60-64 насны ангилалд Г.Алтанцэцэг тус тус хүрэл медаль хүртсэн байна.
Д.Өлзий