Хөвсгөлд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭХөвсгөл\МОНЦАМЭ\ Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах, бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, 100 гаруй мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүн 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд астрономийн 30 цаг, оперативын 240 цагийн багтаамжтайгаар, гурван шаттай, зургаан үетэйгээр ажиллана.
Сургуулийн нээлтэд Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд тэргүүтэй албаны хүмүүс оролцов.Мөн өнөөдөр аймаг, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон “Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны дадлага сургууль”- ийг зохион байгуулж цагийн байдал дээр ажиллаж байна.
Б.Гантуяа