Хилчдэд зориулан “Хойшлуулшгүй ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-19 15:07:19

Хэнтий /МОНЦАМЭ/ Шинэчлэн батлагдсан Монгол Улсын Хилийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хэнтий аймгийн ЗДТГазар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар хамтран Хилийн-0287 дугаар ангийн бүрэлдэхүүнд “Хойшлуулшгүй ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад тус ангийн тасаг, албадын дарга, офицерууд, хилийн салбарын захирагч нарыг хамруулан Хилийн тухай хуулийн холбогдох заалт, хойшлуулшгүй ажиллагаа явуулах аргачлал, анхаарах зүйл, нотлох баримт хэрхэн бүрдүүлэх, анхны тайлбарыг авах, шаардлагатай материалыг бүрдүүлэхэд анхаарах зүйл зэргийг нарийвчлан зааварлажээ. Төгсгөлд нь Хилийн тухай хуультай холбоотой танин мэдэхүйн “АХА” тэмцээнээр сургалтаас олж авсан мэдлэгийг нь шалгасан байна.

Цаашид хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудыг нарийвчлан сурган дадлагажуулах, харилцан мэдээлэл солилцох, гарын авлага материалаар ханган ажиллахаар боллоо.

Мөн энэ үеэр Хэнтий аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хилийн-0287 дугаар ангитай шефийн харилцаа тогтоолоо.

Д.Одонтунгалаг

Связанные новости