П.Алтангэрэл: 2017 оныг “Бүх нийтийн боловсролыг дэмжих жил” болгон зарласан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-19 21:05:04
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар улиран сонгогдоод ажиллаж буй Пүрэвдоржийн Алтангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр ХААИС-ийг экологич-байгаль хамгаалал мэргэжлээр төгссөн бөгөөд 2000 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөж, “Онон” багийн Засаг даргаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байжээ. Улмаар 2008-2012 онд сумын ЗДТГ-ын дарга, 2012 оноос хойш Норовлин сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

- Сайхан хаваржиж байна уу? Сумынхаа ХАА-н өнөөгийн нөхцөл байдлын талаар бидэнд мэдээлэл өгнө үү?

-Сайн байцгаана уу. Түмэн олон та бүхэндээ урин хаврын мэндийг хүргэн мэндчилье. Манай сум 2350 хүн амтай, 4 багийн 703 өрхтэй, нийт өрхийн 57 хувь нь буюу 401 өрх мал аж ахуйн салбараас өрхийн орлогоо бүрдүүлж аж төрдөг. Сумын хэмжээнд 105 мянган толгой мал хаваржиж байна. Өнгөрсөн намар, өвөл 30 орчим удаагийн их бага хэмжээний цас орж, талдаа 25-27 см, хунгарласан газартаа 60-70 см цастай байснаас өвөлжилт нэлээд хүндэрч 60 орчим өрх отроор өвөлжлөө. Сумын хэмжээнд нэмэгдэл өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх талаар чамгүй ажлуудыг зохион байгуулсан. Тухайлбал, 60 гаруй тонн хивэг, тэжээл, хужир шүүг татаж нөөцлөн малчиддаа цаг хүндэрсэн үед хямдралтай үнээр олгох гэх мэт олон ажлыг хэрэгжүүлсэний зэрэгцээ аймаг, улсын онцгой комисс болон олон улсын төсөл хөтөлбөр, нутгийн зөвлөл, хамтран ажилладаг албан байгууллага, ААНэгж, иргэдийн зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлсний үр дүнд өвлийг харьцангуй хохирол багатай давлаа. Одоогийн байдлаар сумын хэмжээнд 2000 орчим малын хорогдолтой байна.
Мал төллөлт ид явагдаж байна. Намар эрт их хэмжээний цас орсонтой холбоотойгоор малчид бог малын хээлтүүлгийг орой тавьсан тул одоо 2000 гаруй төл хүлээж авсан мэдээ байна. Газар тариалангийн хувьд 4000 га эргэлтийн талбайд 2 ААНэгж улаан буудайн тариалалт явуулдаг, сүүлийн 3 жил ургац алдсан, энэ жилээс тэг элдэншүүлэлтэнд шилжсэн бөгөөд нийт талбайд тариалалт явуулахаар төлөвлөж байгаа.

- Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж, ажиллаж байна даа?

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичигтэй уялдуулсан сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг 4 үндсэн бодлогын хүрээнд 16 зорилт 252 заалттайгаар боловсруулж, ИТХ-аар батлуулж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Нийгмийн бүх салбарын үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, материаллаг баазыг нэмэгдүүлэх, иргэдийн ажилгүйдлийн түвшинг бууруулах талаар тодорхой заалтууд орсон.
Томоохноос дурдвал, 200 хүүхдийн Цэцэрлэгийн барилга, ЭМТ-н өргөтгөл, дотуур байрны өргөтгөл, Соёлын төвийн өргөтгөл, Багийн хөгжлийн төв зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт болон ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, чадавхжуулах, ажлын байран дээрээ тасралтгүй өсөх боломж олгох, сургалт, туршлага солилцох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Ажилтай, орлоготой Норовлинчууд, Баялаг бүтээгч Норовлинчууд, Норовлингийн брэнд, Малжуулах хөтөлбөр зэрэг ажлын байрыг шинээр бий болгох, иргэдийн орлого ашгийг нэмэгдүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

- Тэгвэл иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж ажилладаг вэ?

-Олон нийтийн арга хэмжээний жилийн төлөвлөгөөг баталж, түүнийхээ хэрэгжилтийг хангах замаар ажилладаг. Энэ хүрээнд 2017 оныг “Бүх нийтийн боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ажиллаж байна. Төлөвлөгөөнд маань энэ асуудлууд багтсан байгаа.

- Хүний эрүүл мэнд хамгийн чухал. Та сумынхаа эрүүл мэндийн салбар болон Эрүүл мэндийн боловсролд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Зөв сэдэв. Одоогийн эрүүл мэндийн салбарын гол цөм нь хүмүүсийн энэ талын ойлголт мэдэгдэхүүн их чухал, өөрөөр хэлбэл зөв дадал, урьдчилан сэргийлэх сургалтууд нэн тэргүүнд байх ёстой. Мөн багаж төхөөрөмж сайн байх явдал гэж боддог. Манай ЭМТ энэ талаар сайн ажилладаг шүү. Урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдээ аль болох бүрэн хамруулж, сургалт мэдээллийг чанартай сайн хүргэж ирсэн. Ер нь орон нутгийн оношлуурын багаж төхөөрөмж маш сайн байх, нарийн мэргэжлийн эмч нар хөдөөд хэрэгтэй байна гэж миний хувьд боддог. Өнгөрсөн хугацаанд ЭМ-ийн салбар, боловсролын салбаруудаа дэмжих бодлого барьсан, энэ маань ч зөв байсан нь харагддаг. Манай ЭМТ-д одоо 4 их эмч ажиллаж байна. Үндсэн мэргэжил олгох сургалтанд хүүхдийн эмчээр нэг эмчийг сургасан. Энэ жил эх баригч эмчээр нэг эмч сургахаар төлөвлөж байна. Өвчлөлийн эрт илрүүлэг маш чухал учраас сумдын эмнэлэгт тэр бүр байдаггүй 3D өнгөт эхо аппарат, Биохимийн хагас автомат аппарат, шээсний анализатор, Цусны дэлгэрэнгүй шинжилгээний бүрэн автомат аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, Эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг орон нутагтаа авчирч ажиллуулах зэрэг ажлуудыг хийсэн. Энэ маань зардал, цаг хугацаа хэмнэсэн үр дүнтэй ажил болсон шүү. Цаашид Багийн хөгжлийн төвд багийн эмчийн ажлын байрны асуудлыг шийдвэрлэх, ЭМТ-ийн барилгад өргөтгөл хийх, зарим тоног төхөөрөмжөөр хангах зорилт тавиад ажиллаж байна.

- Түрүүн таны ярианд гарсан Боловсролын салбарт хийсэн болон хийх ажлын талаар дурдаач?

-Боловсролын салбар бол маш чухал, тэргүүлэх салбар, өөрөөр хэлбэл Монголын ирээдүйн тухай ойлголт гэж боддог. 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн хичээлийн байр баригдсан. 2015 онд дотуур байрны их засвар, хашаа, “Насан туршийн боловсролын төв”-ийн засвар, цэцэрлэгийн хүүхдийн тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн, 2016 онд хүүхдийн цэцэрлэгийн байрны их засвар, хүүхдийн сурах орчин, сургалтын хэрэглэгдэхүүн, номын сангийн фондыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг Орон нутгийн хөгжлийн сан, ОУ-ын төсөл хөтөлбөр, орон нутгийн ААН-ийн оролцоо дэмжлэгээр хийж гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Тэргүүний багш” болзолт уралдааныг зарлаж, шалгаруулалт хийж байна. Манай хөдөөд хүүхдээ сургах гэж аймаг, хот руу шилжих, эсвэл малчид маань хүүхдээ сахих гэж 2 хуваагдаж амьдарч байна. Энэ нь өрх гэрт нийгмийн болоод эдийн засгийн хувьд асар их дарамт болдог учраас бид сумандаа чанартай суурь боловсрол эзэмших бүх боломжийг эрэлхийлж байгаа хэрэг юм.
Иймдээ ч 40 хүүхдийн дотуур байрыг 80 хүүхдийнх болгон өргөтгөх талаар Япон Улсын ЗГ-ын “Өвсний үндэс” хөтөлбөрт хандаж, санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн “ЭКО-ЗУСЛАН” хүүхдийн амралт танин мэдэхүйн зуслангийн хөрөнгийг мөн ОУ-ын төсөл хөтөлбөрөөр шийдвэрлүүлэхээр зорьж байна. Багш, сурагч солилцоо хөтөлбөрийг хөрш орнуудтай хамтран хэрэгжүүлэх боломжийг хайж байгаа гэх мэт олон ажлууд байна аа.

- Норовлинчуудын ХАА-н салбарын ололт амжилтын талаар ?

-Манай сумын эдийн засгийн голлох салбар бол МАА-н салбар юм. Малчдын амьжиргааны эх үүсвэр бол мал сүрэг. Тиймээс үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэнд, бэлчээрийн усан хангамж, бэлчээрийн доройтол зэрэгт анхаарлаа хандуулж ирсэн. Мөн залуу малчид болон цөөн малтай өрхийг дэмжих зорилгоор малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, 20 гаруй өрхийг малжуулсан бөгөөд цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Мөн бог малын хээлтүүлэгчийг үе шаттайгаар сайжруулах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх замаар бэлчээрийг зүй зохистой, хуваарьтай ашиглах, мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарилга туулгыг чанартай хийж гүйцэтгэх, малчдын нийгмийн асуудлуудад анхаарч, ялангуяа харилцаа холбоог сайжруулах тал дээр голлон анхаарч зарим төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Олон сайхан хөдөлмөрч хүмүүсээ алдаршуулах, хөдөлмөр зүтгэлийг нь төр засгаар үнэлүүлэх, урамшуулах, дэмжих ажлыг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, 49 жилийн дараа буюу 2014 онд Улсын сайн малчин Л.Банзрагч, 2015 онд Алтан унаганы эзэн Л.Баасандорж, 2017 онд Улсын аварга малчин С.Энхбаатар нар шалгарсан бол аймаг, сумын сайн малчид, “Алтан төлийн эзэд”-ийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай болсон байна. 

- Танай суманд түүхэн дурсгалт газрууд бий. Цаашид аялал жуулчлалын чиглэлээр хэрхэн хөгжих боломжтой гэж та харж байна?

-Түүхийн дурсгалт талаасаа “Монголын нууц товчоо” хэмээх түүхэн их сударт тэмдэглэгдэн үлдсэн газар нутаг Норовлин суманд нэлээд бий. 2005 онд Чингис хаан Олон улсын экспедици түүхэн газар нутгийг судлан “Чингис хаан дайны талбараас нэгэн хөвгүүнийг олж Өүлэн эхэд өгч асруулсан нь есөн өрлөгийн нэг, төрийн их заргач Шихихутуг байсан тухай” Монголын нууц товчоо хэмээх хөлгөн сударт дурдсан. “Нарату шитүэн” гэх газрыг тэмдэгжүүлэн тогтоосон нь Норовлин сумын Нарстай хэмээх газар юм. Энэ газарт 2006 онд гэрэлт хөшөө босгон тэмдэгжүүлсэн байдаг. Мөн Норовлинчуудын Алтан овоо хэмээн сүслэн залбирдаг “Уран дөш” их хайрханы бэлд Их эзэн хааны зэвсэгийн үйлдвэр байсан гэдэг домог зүй ч нутгийн олны дунд хууч яриа болон үлдсэн байдаг гэх мэтчилэн маш олон газар нутаг түүхийн ул мөрийг хадгалсаар байна. УИХ-ын эрхэм гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилсан Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгох төлөвлөлтийн дагуу бид ч энэ талаар хийх олон ажлууд төлөвлөж байгаа.

- Сумын хэмжээнд нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Хүүхдийн Цэцэрлэгийн барилга. Мэдээж бид аялал жуулчлалыг хөгжүүлэх болон бусад эдийн засгийн бүх салбарт хатуу хучилттай зам хэрэгтэй байгаа. Энэ асуудлыг шийдэх тал дээр УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд идэвхийлэн ажиллаж байгаад Норовлинчууд машид талархаж байгааг энэ дашрамд илэрхийлж, та бүхний ажилд амжилт хүсэж буйгаа та бүхнээр дамжуулан айлтгая.

Д.Одонтунгалаг

Связанные новости