“Дэд бүтцийн хяналтанд таны оролцоо” сарын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Дэд бүтцийн хяналтанд таны оролцоо” сарын аяныг энэ сарын 17-ны өдрөөс зохион байгуулж эхэллээ. Тус сарын аяныг хөтөлбөрийн дагуу Барилга байгууламж, хот байгуулалт, өргөх механизм, барилгын материалын хяналт, Автотээвэр, авто замын хяналт, Газрын тос, хий, хэмжил зүйн хяналт, Цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамж, ариутгах татуулга, харилцаа холбооны шугам сүлжээний хяналт зэрэг чиглэлээр зохион байгуулах аж.
Аяны хүрээнд дэд бүтцийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, соён гэгээрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, аливаа болзошгүй эрсдэл, техникийн аваар ослоос урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтын тогтолцоог төлөвшүүлэхэд зорьж ажиллах юм байна.
Түүнчлэн дэд бүтцийн салбарын тогтвортой үйл ажиллагааг дэмжиж сайжруулан, дэд бүтцийн техникийн аюулгүй байдлыг хангуулахад голлон ахнаарч, бизнес эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс хууль сахин биелүүлэх, эрх үүргээ хэрэгжүүлэхийг шаардахаас гадна бүх төрлийн мэдээ, мэдээллээр ханган, зөвлөн туслах чиглэлийг баримтлах аж.
Сарын дараа аяныг дүгнэж, иргэд, аж ахуйн нэгжийн идэвхийг харгалзан, шилдгүүдийг шалгаруулах юм байна. Иргэн таны аюулгүй байдалд таны үүрэг, хяналт их чухал учраас тус аянд бусдыгаа дэмжиж оролцоорой.