Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах аймгийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-21 12:40:13
Хэнтий /МОНЦАМЭ/ Сонгуулийн Ерөнхий Хорооны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Тус аймгийн сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын ажилтан Ш.Эрдэнэжаргал, гишүүдээр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, УЦУОШГ-ын дарга Л.Чулуун,  Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа, Татварын хэлтсийн тасгийн дарга М.Мөнхнаран, Эрдэм баян Хэрлэн 4-р сургуулийн захирал Б.Жавхланбаяр нар ажиллах юм байна.

Энэ сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны анхдугаар хуралдаан боллоо. Тус хуралдаанаар аймгийн Сонгуулийн Хорооны ажлын төлөвлөгөө, гишүүдийн сумд хариуцсан дотоод зохион байгуулалт, ажлын чиг үүргийн хуваарь, сумдын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг тус тус баталсан аж.

Сумдын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сумдын удирдлагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэдэд мэдээлнэ гэлээ.

Хэнтий аймгийн Сонгуулийн хороо тус аймгийн ЗДТГ-ын 219 тоот өрөөнд байрлаж байгаа бөгөөд сонгуулийн хороотой 7056-3906, 7056-2412 дугаарын утсаар холбогдож болох юм.
 Д.Одонтунгалаг
Связанные новости