Ц.Ариунаа:Баруунбаян-Улаан суманд цагаан будааг ил талбайд тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-28 11:23:33
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /ХХААГ/-аас газар тариалангийн салбарт Япон улстай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд цагаан будааг хүлэмжинд тариалж туршсан бол энэ жилээс ил талбайд тарих гэж байгаа юм. Энэ талаарх мэдээллийг тус газрын Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны дарга бөгөөд Хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ариунаагаас тодрууллаа.
- ХХААГ нь өмнөх жилүүдэд Япон улстай хамтран ажиллаж байсан. Энэ удаа аль чиглэлд хэрхэн хамтрах вэ?
- Өвөрхангай аймаг нь Япон улсын Хоккойда мужийн Такикава хотын Гадаад харилцааны хэлтэстэй 2011 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Цагаан будааг хүлэмжинд тариалж, үр сортыг гаргаж авах зорилгоор 5 жил ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаа учраас дараагийн төслийг гурван жилийн хугацаатай эхлүүлээд байна. Тухайлбал манай аймагт “Газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн агробизнесийг хөгжүүлэх төсөл”-ийг олон улсын “Жайка” байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлнэ. 
Төслийн хүрээнд цагаан будаа, бөөрөнхий сонгино тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх, мод үржүүлэх ажлыг хийж, газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Такикава хотоос тус төслийг хэрэгжүүлэхээр төслийн менежер, багийн ахлагч Эгами Мицүаки, хүнсний ногоо тарих аргачлал хариуцсан мэргэжилтэн Такая Фүжио, захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Такикава Гадаад харилцааны хэлтсийн дарга Ямаүчи Ясүхиро, төслийн туслах менежер, Гадаад харилцааны хэлтсийн ажилтан Н.Ганчимэг нар  2017 оны 3 дугаар сарын 25-аас 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт ирж ажилласан.
Энэ үеэр хөрс, ус, дулааны балансын шинжилгээ хийгээд Төгрөг, Баруунбаян-Улаан суманд дулааны баланс тэнцүү байна гэж үзэн Баруунбаян-Улаан суманд цагаан будааг ил талбайд тарих ажлыг ирэх гурван жил туршихаар болж байгаа юм. Мөн Арвайхээр, Тарагт, Төгрөг суманд хүлэмжийн аж ахуй эрхэлж, сонгиныг үрээр тарих инновацийг хэрэгжүүлнэ. Сая ирэхдээ Тарагт, Төгрөг, Арвайхээр сумдын дадлагад хамрагдсан тариаланчдад нийт 9 сая гаруй төгрөгийн нийлэг хүлэмж, материалыг хүлээлгэн өгч, хүлэмж барих арга технологийг заасан. Мөн Тарагт, Төгрөг сумдын тариалангийн талбайг, Арвайхээр суманд аймгийн ХХААГ-ын хүлэмж, дарлага болон туршилтын талбайг тус тус түшиглэн хөрс бэлдэх, цагаан будаа,  сонгино, шийгуа, мелион, үрлэн лооль зэрэг таримлуудын үрслэг хийсэн.
5 дугаар сарын 25-аас 6 дугаар сарын 10-ны хооронд дахин ирж ажиллан, үрсэлгээгээ ил талбайдаа суулган заавар, зөвлөгөө өгөөд буцна. Дараа нь ургац хураалтын үеэр ирнэ. Төсөлд хамрагдсан Арвайхээр, Төгрөг, Тарагт сумдаас сонгогдсон 3 тариаланч Такикава хотод 2017 оны 2 дугаар сарын 19-өөс нэг сарын хугацаатай дадлагаа амжилттай  хийж ирсэн. 8 сард дахин явж 20 хоног суралцаж туршлага судална. 
- Цагаан будаа тарих ажил хэр амжилттай болж байна, жилд хичнээн кг будаа хурааж байв?
- Өнгөрсөн хугацаанд Тарагт, Төгрөг, Нарийнтээл, Хархорин, Арвайхээр суманд цагаан будаа туршилтаар тариалах ажлыг хэрэгжүүллээ. Япон улсын Засгийн газраас Орон нутгийн албан хаагчдын хамтын ажиллагааны солилцооны хөтөлбөрт дадлагажигч бэлтгэх сургалтын хүрээнд 2011-2015 онд Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд, Хархорин, Нарийнтээл, Арвайхээр, Төгрөг сумдын агрономичид буюу нийт 11 хүнийг Япон улсын Хоккайдо мужийн Такикава хотод газар тариалангийн чиглэлээр дадлагажуулж, сургаснаар дээрх сумдад цагаан будаа болон мелион, эрдэнэ шиш, шийгуа зэрэг таримлуудыг тарьж туршин амжилттай хэрэгжүүлж байна. 
Японы мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Япон улс цагаан будаа гаргаж авах гэж 50 жилийг зарцуулж байсан юм билээ. Биднийг 5 жилийн хугацаанд амжилттай ажиллаж байна гэж хэлсэн. Цагаан будаа тарихад учирч байгаа хамгийн том бэрхшээл бол цаг агаарын эрсдэл юм. Ер нь бол хүний хүчээр биш байгалийн зохилдлогоор л ургахаар юм билээ. Ил талбайд тарихаар салхи ихтэй, их сайхан сүүн болцын үед гөвчихдөг. Үүний зэрэгцээ туулай, оготно, болжмор, бүр үхэр хүртэл дуртай идчихдэг. 
Иймэрхүү бэрхшээл байгаа ч Баруунбаян-Улаан суманд ил талбайд тарьж үзэхээр шийдсэн. Өмнөх жилүүдэд хүлэмжинд тарьж ургуулсан үрнээсээ ил талбайд суулгана. Японоос анх оруулж ирээд бойжуулсан үр 4-5 жил болоход сайн нутагшсан байна. Цагаан будааны ургац жил бүр нэмэгдсэн. Уржнан 28 орчим кг авч байсан бол өнгөрсөн жил 40 гаруй кг цагаан будаа авсан. 
- Одоо сонгиныг үрээр тарих юм байна. Энэ нь манай тариалалтаас юугаараа онцлог  байх вэ?
- Манай тариаланчдын тарьсан сонгино аймгийн нийт хүн амын хэрэгцээний тавхан хувийг хангаж, 95 хувийг дотоод, гадаадын импортоор нийлүүлдэг. Яагаад гэхээр бид төл сонгиныг тарьж, дараа нь бөөрөнхий сонгиноо ургуулдаг байсан. Өөрөөр хэлвэл хоёр жилд нэг бөөрөнхий сонгино ургуулж авдаг байсан бол үрээр тарихаар сонгиныг нэг жилд ургуулж авах боломжтой болно. Ингэснээр сонгины тариалалтыг нэмэгдүүлж, импортын сонгиныг бууруулна гэж үзэж байгаа. 
- Хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлнэ гэлээ. Одоогоор манай аймагт нарийн ногоог хэр олон төрлөөр тарьж байгаа вэ?
- “Өрхийн тариалан-бизнес хөгжил” ТББ-аас 7 сумыг сонгож аваад 7-8 жил хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд хоршоо байгуулаад хүлэмжинд навчит ногоонууд, өргөст хэмх, улаан лооль, чинжүүг голчлон тариалсан. 
Мөн Каритас-Монгол ТББ-тай 3 жил хамтарч ажиллахдаа Арвайхээрт 50, Хархоринд 45, аймгийн МСҮТ-д болон манай газрын Агропаркт тус бүр нэг “Нарлаг” хүлэмжийг байгуулж өгсөн. Эдгээр ажлын үр дүнд нарийн ногоо тариалалтын төрөл нэмэгдсэн ч туршилтын түвшинд явж байгаа болохоор хэрэглэгчдэд тогтмол нийлүүлж чадахгүй байна. Манай зоогийн газар, ресторанууд бэлэн байдлыг нь харгалзаад захын худалдаанаас импортын ногоог авчихдаг.
Тиймээс нарийн ногооны төрөл болоод ургацыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах, хүлэмжийн аж ахуйг өргөжүүлэхэд бодлогоор анхаарах шаардлагатай байгаа юм. Арвайхээр, Хархорин сумдад хүлэмжийн аж ахуйн цогцолбор барих талаар яригдаж байгаа. Тухайлбал доороо зориулалтын зоорьтой, дээрээ худалдааны төвтэй байвал бүх төрлийн хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлж, борлуулалтыг сайжруулах, жилийн турш хүн амаа шинэ ногоогоор хангах боломж бүрдэнэ. 
- Аймагт төмс, хүнсний ногооны зоорь хэр олон байдаг вэ?
- Аймгийн хэмжээнд 500 гаруй зоорь байгаагийн ихэнх нь төмсний зоорь юм.
Нарийн ногооны зоорь нь өөр өөр температур, өөр өөр тавиур гээд олон зүйл шаарддаг учраас тийм зоорь байхгүй. Тиймээс нарийн ногоонууд амархан муудчих гээд байдаг болохоор ногоочид маань намартаа хямд үнээр борлуулаад дуусгачихдаг. Тэгэхээр бараг шинэ жилийн өмнөөс эхлээд  Улаанбаатар хотоос ногоо татаж авчрах болдог юм. 
 Б.Батчимэг
Связанные новости