Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд талуудын оролцоог нэмэгдүүлэхээр зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-06 19:08:22
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд талуудын оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт зөвлөлгөөнийг өнөөдөр Чингис хотод зохион байгууллаа.

Уг зөвлөлгөөн нь Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд дэвшүүлсэн зорилт үйл ажиллагааны үндсэн чиглэл, улсын хэмжээнд хэрэгжиж байгаа шинэчлэн батлагдсан хуулиудын хэрэгжилт, хөтөлбөрийн бодлого, зорилтын талаар нэгдсэн ойлголтонд хүргэх гол зорилготой байв.

Зөвлөлгөөнд Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, Бүх сумдын Засаг дарга нар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн Ерөнхий Газрын холбогдох албаны хүмүүс, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нар зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Тус зөвлөгөөнийг Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Батсайхан нээж, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "Хэнтий аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал цаашид анхаарах асуудлууд" сэдвээр илтгэл тавьж үргэлжлүүллээ.

Мөн Хэнтий аймгийн сум дундын шүүх, прокурорын газар, ОБГ, Хэвлэл мэдээлэл, ТББ-ын төлөөллүүд, Хуульзүй дотоод хэргийн яам, ЦЕГ, Хэнтий аймгийн ЗДТГ-ын хууль эрхзүйн хэлтэс зэрэг олон байгууллагууд мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.

Төгсгөлд нь сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нарт үүрэг чиглэл өгч зөвлөгөөн өндөрлөв.

 Д.Одонтунгалаг

Связанные новости