Боксчид Ази тивийн АШТ-ээс хос мөнгө, хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-08 08:58:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017 оны боксын насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д хүчээ сорьсон ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар өчигдөр алтан медалийн төлөө тулалдаж хоёулаа тивийн аваргын мөнгөн медальтан боллоо. 

Тус тэмцээний 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ алтан медалийн төлөө “Рио-2016” олимпийн наадмын алтан медальт Узбекстаны Хасанбой Дусматовтой тоглож 5:0  гэсэн оноогоор ялагдаж Узбек боксчин 2017 оны тивийн аварга болов. Г.Ган-Эрдэнэ 2015 онд хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ жил медалийн өнгөө хувиргаж мөнгөн медаль хүртлээ.
Армийн дэлхийн аварга Б.Чинзориг 64 кг-д алтан медалийн төлөө эзэн орны боксчин Холдаров Ихболжонтой тулалдаж 5:0 гэсэн оноогоор хожигдож мөнгөн медаль зүүлээ. ОУХМ Б.Чинзориг тивийн АШТ-ээс анхны медалиа хүртэж байна. 
Гавьяат тамирчин Д.Отгондалай 60 кг-д, ОУХМ Б.Түвшинбат  69 кг-д тус тус хүрэл медальтан боллоо. Манай энэ дөрвөн боксчин ийнхүү 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авч байгаа юм.

Д.Өлзий 
Связанные новости