"Ноён уул"-ын маргааныг эцэслээгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд “Ноён уул”-ын шүүх хурал өчигдөр боллоо.
Уг шүүх хурлаар, энэ сарын 2-ний өдөр Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс актын биелэлтийг түдгэлзүүлэх тогтоол гарсныг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд болох Засгийн газар, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов.
“Ноён уул”-ын асуудлаар захиргааны хэргийн Анхан шатны шүүх ийнхүү хоёр дахь удаагаа актын биелэлтийг түдгэлзүүлснийг Давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон байна. Хуульд зааснаар энэ асуудлыг шүүх зөвхөн нэг удаа шийдэх байтал анхан шатны шүүх хоёр дахин шийдсэн нь алдаатай болсон гэж Давж заалдах шатны шүүх үзсэн байна. Өнгөрсөн оны тавдугаар сард Анхан шатны шүүх актын биелэлтийг түдгэлзүүлж байсныг Давж заалдах шатны шүүх үндэслэлгүй хэмээж байсан. “Ноён уул”-ын хэрэг нь ийнхүү бүтэн нэг жил 6 сарын хугацаанд анхан шатны шүүхээр хэлэлцэж байгаа боловч үндсэн маргааныг одоо болтол эцэслээгүй байна. Дараагийн шүүх хуралдааны тов тодроогүй байна.
Ж.Батсайхан