Гадаадад алба хааж буй цэргүүдэд мэндчилгээ дэвшүүлэх боломжийг бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-27 08:21:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын батлан хамгаалах салбарын бодлого, хөгжлийг олон нийтэд суртлах зорилго бүхий БХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 29-нд Сүхбаатарын талбайд болно.

Өдөрлөг  “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-тэй давхцаж байгаагаараа онцлогтой бөгөөд БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, Нийслэлийн болон дүүргүүдийн Цэргийн штаб, яамны харьяа, аж ахуй нэгж байгууллага оролцож, үйл ажиллагаагаа танилцуулах юм. Өдөрлөгийн үеэр БХЯ болон Батлан хамгаалахын төв архивын лавлагаа олгох, офицер, ахлагчийн алба хаах журмын талаар мэдээлэл, танилцуулга хийх юм. Мөн БХЯ болон харъяа байгууллагуудын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх зорилгоор иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах хайрцаг ажиллуулах аж. Түүнчлэн Энхийг сахиулах болон бусад олон улсын ажиллагаанд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэрэг дайчдын тухай зурагт самбар, видео бичлэг зэргийг олон нийтэд толилуулна. Мөн хүндэт харуулын жагсаалын үзүүлбэр, гадаадад үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын ар гэрийг хүлээн авч, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Мөн өдөрлөгт ирсэн иргэд Цэргийн төв эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжтой. Тухайлбал, хөдөлгөөнт хээрийн лабораториор рентген зураг авах, эхо, зүрхний бичлэг хийх, нүд, чих хамар хоолойн эмч үзлэг хийн зөвлөгөө өгч, сахарын хэмжээг тогтоох зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.

Ч.Ариунболд
Связанные новости