Герман агаарын бохирдолтой тэмцэх сан байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-09-06 11:21:42
БЕРЛИН. /Sputnik/. Герман улсын Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх сан байгуулахаар төлөвлөж байна.

Энэ сангийн мөнгийг цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх болон агаарын бохирдолтой тэмцэх бусад төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах аж.

Германы Канцлер Ангела Меркель агаарын бохирдлын асуудалтай 30 гаруй хот суурин газрын төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзах үеэрээ ийм сан удахгүй байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Тус сан нь 1 тэрбум евро буюу 1.2 тэрбум долларын хөрөнгөтэй байх аж. Энэ мөнгөний дөрөвний нэг хувийг нь Германы автомашин үйлдвэрлэгч компаниуд өгөх юм.

“Volkswagen” компани дизель хөдөлгүүртэй автомашинууддаа агаарт ялгарах хорт бодисын хэмжээг бууруулж харуулдаг “хууран мэхлэх” программ хангамж суулгасан гэх дуулиан шуугиантай холбоотойгоор Германы засгийн газар болон автомашин үйлдвэрлэгч компаниуд ихээхэн шүүмжлэлд өртсөн билээ. Ийм хууль бус программ хангамж суулгаснаа “Volkswagen” компани 2015 онд хүлээн зөвшөөрсөн юм.
 
Г.Доржханд
Связанные новости