Таван тивд ундны уснаас бичил хуванцар илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-09-07 12:17:43
ВАШИНГТОН./VOA/. Таван тивийн ундны уснаас маш нарийн ширхэгтэй буюу бичил хуванцар илэрсэн нь дэлхий нийтийн эрүүл мэнд эрсдэлд ороод байгааг нотлон харууллаа гэж Америкийн судлаачид мэдэгдлээ.

Германаас эхлээд Куба, Ливан зэрэг улсуудын ундны уснаас авсан дээжний 83 хувиас бичил хуванцар илэрсэн байна.

Судалгааны багийн гишүүн бөгөөд Нью-Йоркийн их сургуулийн химийн профессор Шерри Масон хэлэхдээ “Хуванцартай ус ууж, хоол иддэг үү? гэж хүмүүсээс асуухад “Үгүй. Ямар тэнэг асуулт асуудаг юм бэ!” гэж хариулах байх. Гэвч бид маш нарийн ширхэгтэй хуванцартай ус, ундаа, шар айраг ууж, хоол идэж байна. Ямар ч айх аюулгүй нөхцөлд амьдарч байгаа хүн энэ дэлхийд алга” гэлээ.

Савлагаатай цэвэр уснаас 5 хүртэлх мм-ийн голчтой хуванцар илэрснийг тэрбээр онцлон дурдав.

Хүн хуванцар идсэнээр эрүүл мэндэд яг ямар хор хөнөөл учрах нь тодорхойгүй байгаа хэдий ч хуванцар идэж, залгисан загасны үр тогтоох чадвар буурах, өсөлт зогсох, махчин амьтдын дайралтад өртөх магадлал өндөр болох, насжилт нь буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.



Дэлхийн бүх далай тэнгист их хэмжээний буюу 5 их наяд ширхэг хуванцар эд зүйлс хөвж байгааг нэг бус удаагийн судалгаагаар тогтоогоод байгаа билээ. Гэхдээ ундны усанд бичил хуванцар байгаа эсэхийг анх удаагаа судалсан нь энэ юм.
Г.Доржханд
 
 

Связанные новости