Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хууль бус зар наасан иргэдэд хариуцлага тооцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-26 13:21:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэрэлтүүлгийн шон зэрэгт хууль бусаар наасан сурталчилгааны зарыг хуулах, дээрх үйлдлийг таслан зогсоох чиглэлээр зохион байгуулж буй ажлын талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийв.

Иргэд, аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмжлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр сурталчилгаа байршуулах болсон. Энэ нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөж байгаа төдийгүй зарим зарлал гэмт хэргийн агуулгатай байгаа юм. Тиймээс УБЗАА-аас зарлалын хуудсыг хуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад З.Золбаяр “Нийслэлийн цагдаагийн газраас энэ сарын 6-наас эхлэн зарлал дээрх утасны дугаараар эздийг нь илрүүлж, хуулийн хариуцлага тооцож байгаа. Одоогоор 59 иргэнийг илрүүлээд байна. Мөн массаж гэсэн зарлал нааж, биеэ үнэлж болзошгүй 5 иргэний материалыг Эрүүгийн цагдаагийн тасагт шилжүүлэн, 8 иргэнийг Монгол улсын Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18 дах хэсэгт зааснаар тус бүр 50 мянган төгрөгөөр торгосон хэмээв.

Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг Хот тохижилтын газар болон цэвэрлэгээ үйлчилгээний бусад байгууллагууд өглөө бүр тогтмол 200-300 зар хуулдаг байна.

Ч.Ариунболд
 
Связанные новости