Г.Билгүүн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны аудитор болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-10-05 17:00:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монсертф” компанийн Ерөнхий захирал Ганболдын Билгүүн дэлхийн томоохон хотуудын тусгай мэргэшлийн шалгуур шалгалтыг давж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны аудитор болжээ.

Тэрбээр ХБНГУ-д сурч боловсрон баклавр, магистрын зэрэгтэй бөгөөд тус улсын MD.H их сургуулийг төгсч, босго өндөртэй Лондон, Сингапур, Хятадын тусгай мэргэшлийн шалгуур шалгалтыг давж тэнцсэний дүнд олон улсын аудитороор ажиллах эрхтэй болжээ. 

Олон улсын мэргэжилтэн болсон тэрбээр Монголдоо ирж стандартын салбарт багагүй ажлын туршлага хуримтлуулжээ. Тухайлбал УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-аас хэрэгжүүлсэн “Зөгийн үүр” хөтөлбөрийг хариуцаж, улмаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газрын гадаад харилцааны мэргэжилтэн, албаны дарга, чанарын менежер, тамгын газрын дарга, Европын холбооны стандартчиллын төслийн захирлаар ажиллаж байсан зэрэг туршлага хуримтлуулсан шинэ залуу үеийн шилдэг мэргэжилтэн болжээ.
Тэрбээр 2016 онд “Монсертф” компанийг байгуулан  өнгөрсөн хугацаанд  дэлхийд данстай “Анка Глобал”, “Афнор”, “UICC”, “GIC” зэрэг таван байгууллагыг Монголдоо төлөөлөх бүрэн эрхтэй болжээ. Тус компани нь чанарын менежменттэй холбоотой баталгаажуулалт хийх, стандартын талаарх сургалт зохион байгуулах, байгууллагуудад олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлэх, улмаар хэрхэн яаж тэрийгээ хэрэгжүүлэх зэрэгт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.
Н.Туяа

 
Связанные новости