Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн түүхт 378 жилийн ой, Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг угтан нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2017” тэмцээн өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн ЕБС-иас аваргаар шалгарсан Баянзүрх дүүргийн 87, Багануур дүүргийн 125, Баянгол дүүргийн 38, Сүхбаатар дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 105, Налайх дүүргийн “Голомт” сургууль, Хан-Уул дүүргийн 34, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн ахлах ангийн нийт 80 гаруй өсвөрийн аврагчид оролцлоо.
Багууд байран дээрх ажиллагаа, мэдлэг сорих асуулт хариулт, гимнастик, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, үер усны аюулаас аврах ажиллагаа, нурангиас нэрвэгдэгчийг аврах, уяа зангидах, гал түймэр унтраах гэсэн цэгүүдэд үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан.
Нийлбэр оноогоор тэргүүн байранд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуулийн “Хар ирвэс” баг, хоёрдугаар байранд Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн “Хангарьд”, гуравдугаар байранд Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн баг, тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн тамирчид тус тус шалгарчээ.
Б.Туул