Дундговийн нутагт гадаадын 10400 гаруй жуулчин саатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-16 18:36:25
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн нутагт ирсэн гадаадын жуулчдын тоо урьд оныхоос 32 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2012 оноос хойш тус аймгийн нутагт ирэх жуулчдын тоо тогтмол өсчээ.

Дундговь аймгийн нутаг дэвсгэр дээр жуулчны 9 бааз, 4 амралтын газар болон нэг рашаан сувиллын газар өнгөрсөн зун үйл ажиллагаа явуулсан. Эдгээрт нийт 13 мянга 470 гаруй гадаадын жуулчин, дотоодын аялагч саатсан бөгөөд үүний 10420 гаруй нь гадаадын жуулчин байна. Энэ бол сүүлийн таван жилд урьд онуудаас эрс өссөн үзүүлэлт болж байгааг аймгийн БОАЖ- ын газраас мэдээлсэн юм. Тухайлбал, 2012- 2014 онд жуулчдын тоо жил тутамд 300 гаруйгаар өссөн бол 2015 оноос хойш жилд 2500 гаруйгаар өссөн байна.

Жуулчны баазуудаас Сайхан- Овоо сумын Онги голын эрэг дэхь “Онгийн нууц”, Өлзийт сумын нутаг дахь “Цагаан суварга” жуулчны бааз хамгийн олон буюу 2800- 3100 гаруй жуулчин хүлээн авсан бөгөөд бусад жуулчны баазад 700- 1700 гаруй жуулчин саатжээ. Итали, Франц, Герман, Солонгосын жуулчид олноор ирсэн байна.
Т. Отгонтуяа
Связанные новости