УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-10-17 17:32:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэхээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зарлажээ.
Уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлэхээр хуульчилжээ. Энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлээр бэхжүүлсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг болон Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтаар тогтоосон Ерөнхийлөгч Улсын Их Хурал дахь нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулах журмыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор  нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн аж. 
Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 25-нд зарласан байна.
Н.Туяа
Связанные новости