Б.Батзориг: Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахаас ажлаа эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-19 21:32:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Батжаргалын Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд түүнийг  88.1 хувийн саналаар баталлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд гишүүд нэр дэвшигчид хандаж зарим асуудлыг тодруулж, асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Бид махны экспорт гэж олон жил ярьж байна. Урд хөршөөс өөр их хэмжээгээр мах авах газар байхгүй. Үнийг нь өсгөх тал дээр анхаарч ажиллаарай" гэхэд нэр дэвшигч Б.Батзориг, “Энэ жилийн хувьд ихэнх аймгаар гантай байсан. Түүнээс хамаарч ургац алдаж байна. Өвөлжилтийн бэлтгэлийн дүн мэдээг өнөөдөр авлаа. Тэгэхэд 50 хувьтай яваа юм байна. Ажлаа аваад хамгийн эхэнд өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангуулж дуусгана. Мал мах гаргах асуудлыг  хоёр хөрштэйгээ голчилж  хийнэ. Ер нь манайхаас мал, мах авья гэсэн улс байгаа ч жигд нийлүүлж чадах уу гэсэн асуудлыг ярьдаг. Тэр тусмаа өдөр бүр шинэ мах авах сонирхолтой байдаг. Энэ асуудлыг анхаарч ажиллана" гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах вэ. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар бодлого барих вэ. Өмнөх сайд чинь их ажил хийсэн. Тухайлбал, махны экспорт 20 мянган тонн буюу өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 2,5 дахин өссөн. Өмнөх сайдын эхлүүлсэн ажлыг хэрхэн үргэлжлүүлэх вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Нэр дэвшигч Б.Батзориг үүнд “Түүхий эдээ экспортлоё гэвэл хоёр хөрштэйгээ хамтрах хэрэгтэй. ХАА-н бүтээгдэхүүнээ экспортлож байж малчдаа мөнгөжүүлнэ" гэлээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат, “Монгол Улсын хөгжлийн гарц нь МАА. Шүлхий, мялзан дээр үед гарч байсан юм билээ. Түүнийг нь манай улсын мал эмнэлэг эмчилж байсан байдаг.  Малд вакцин хийсээр байтал дээрх өвчин гарсаар байна. Биокомбинат одоо байх ёстой юм уу, үгүй юу.  Боловсон хүчний орон тоо хэд байдаг вэ. Вакцин өөрсдөө хийж чадахгүй байна уу" гэсэн асуулт тавив. Нэр дэвшигч Б.Батзориг, “Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Мөн Унгарын хөнгөлөлттэй зээлээр Биокомбанитыг шинэчлэхээр олон жил ярьж байна. Энэ ажлыг яаралтай эхлүүлснээр вакцины асуудлаа төр бүрэн хяналтдаа авах юм" хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Сүү, махны асуудал ярья гэвэл малын халдварт өвчнийг арилгах хэрэгтэй. МАА-н салбар нь нийтийн хоол, хөнгөн үйлдвэр гэх зэрэг дотроо олон салбартай. Иймд салбарын мэргэшсэн боловсон хүчнийг сольж болохгүй шүү" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “Манай яамдад төрийн албаны хүнд суртал маш их бий. Төрд үүссэн асуудлыг шийдье гэхээр хамтарч ажилладаггүй эсвэл ажлаа мэддэггүй, дарга нарын татаасаар ажилд орсон болохоор нэрийг нь барьдаг. Монгол төрийн төлөө ажиллах сэтгэлгүй хүмүүс олон бий. Иймээс Төрийн албаны хуулийг баталж төрийн албаны шинэчлэлийг явуулах нь зүйтэй. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгийг наашлуулах ёстой" гэсэн байр суурьтай байв.

Товч намтар

Төгссөн сургууль, мэргэжил
 
1983 онд Нийслэлийн 6 дугаар дунд сургууль
1987 онд Чехословак улс, Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль, эсгүүрчин, зохион бүтээгч
1997 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлага
2001 онд Хөдөө аж ахуйн их сургууль, эдийн засагч, санхүүч
2003 онд АНУ, Вашингтон хот, Дэлхийн банк Хөгжиж буй зах зээл дэх орон сууцны санхүүжилт бодлого зохицуулалтын асуудал
2005 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, докторант.

Ажилласан байдал
 
1989-1992 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастер
1992-1999 онд Зэвэг хоршооны дарга
1999-2008 онд Кёкүшюзан хөгжил сан ТББ-ын гүйцэтгэх захирал
2004-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга
2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости