Цэцэрлэгийн жаалууд үндэсний хувцсаараа гоёлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын “Нархан” 3-р цэцэрлэгийн хамт олон бяцхан шавь нарынхаа хамтаар өчигдөр Маршал Ю.Цэдэнбалын талбай дээр монгол үндэсний хувцсаараа гоёж ирэн бий биелэгээ хийж, бүжгээ бүжиж, дуу хуураа эгшиглүүллээ.
Тус цэцэрлэг нь Улаангом сумын 7-р багт 340 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Жил бүрийн “Монгол бахархал”-ын өдрөөр тус цэцэрлэгийн хамт олон үндэсний дээл хувцсаараа гоёдог уламжлалтай байна.
Монголын боловсролыг дэмжих үндэсний судалгаа нийгэмлэгээс улсын хэмжээнд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2160 байгууллагаас 100-г нь шалгаруулж “ТОП стандарт 2015 цом”-ын эзнээр шагнасан байна. “Нархан” 3-р цэцэрлэг энэ цомын эзэн болсноос гадна тус цэцэрлэгийн эрхлэгч Р.Буянхишиг “Шилдэг менежер” одонгоор шагнуулжээ.
Энэхүү цомын эзнээр Увс аймгийн Цогболбор 1-р сургууль, Бөхмөрөн сумын цэцэрлэгүүд мөн тодорсон байна.
Увс аймаг Б.Батхүү