УВС: Уулчин Л.Пүрэвсүрэн агсны гэгээн дурсгалд зориулж гэрэлт хөшөө босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-08-12 16:15:47

Улаангом, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Уулын Спортын ОУХМ Л.Пүрэвсүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Улаангом хотноо сүндэрлүүллээ. Түүний аав Н.Лхагважав, ээж Ч.Гантуяа нар Увс аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд энэхүү цогцолборыг бүтээн босгосон байна. 

Хааш хаашаа нэг метр хэмжээтэй, гуулин цутгууртай, хүрэл бүрхүүлтэй, Эверест уулын орой хэсгийг дүрсэлсэн энэхүү хөшөөний зургийг Л.Пүрэвсүрэн агсны төрсөн дүү, Украйны Харьковын Их сургуулийг зургийн инженерээр төгссөн Л.Эрдэнэчимэг гаргажээ. Хөшөөний суурийг боржин чулуугаар бүрж, дээр нь QR код бүхий Л.Пүрэвсүрэн агсны танилцуулгыг англи, монгол хэл дээр бичсэн байнаХарин нүүрэн хэсэгт нь яруу найрагч Ц.Банзрагчийн уулчдад зориулсан шүлгийг сийлжээ.


Сайн санаат хүмүүсийн өгсөн, 100 гаруй сая төгрөгийн хандив тусламжаар бүтсэн энэхүү хөшөөт цогцолборын нээлтэд Д.Пүрэвсүрэн агсны гэр бүл, ах дүү, хамаатнууд, найз нөхөд, аймаг, сумын удирдлагууд, нутгийн иргэд өргөнөөр оролцлоо.  


Л.Пүрэвсүрэн агсан нь 2024 оны тавдугаар сарын 13-ны 11 цаг 30 минутад дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд гарсан Монгол Улсын 14 дэх уулчин, мөн хөтөчгүй бие даан авиралт хийсэн анхны уулчин болж түүхэнд тэмдэглэгджээ. Тэрээр хамтрагчтайгаа цуг Эверестийн 8848.86 метрийн өндрөөс буух замдаа осолдсон юм.






Связанные новости