Монголын үндэсний хүрээлэнтэй эгч-дүүгийн холбоо тогтоов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМОНТАНА. /flatheadbeacon/. Монголын Горхи-Тэрэлжийн үндэсний хүрээлэнгийн төлөөлөгч АНУ-ын Монтана муж улсад орших Мөсөн голын хүрээлэнд таван хоног зочлов.
Олон улсын харилцааг дэмжих зорилгоор, тус хоёр хүрээлэн эгч-дүүгийн холбоо тогтоох гэрээнд 10 дугаар сарын 24-нд гарын үсэг зурсан билээ.
Горхи-Тэрэлжийн үндэсний хүрээлэн, Монголын Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын төлөөлөгчид Мөсөн голын хүрээлэнд өнгөрсөн сард тав хоног зочилсон юм. Монголын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2 ажилтан, цэцэрлэгт хүрээлэнгийн 4 ажилтан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Мөсөн голын үндэсний хүрээлэнд ажиллаж байсан, сайн дурын ажилтнууд болох Фред Ванхорн, Линн Ванхорн нар хувиараа тэдэнд туслалцаа үзүүлсэн юм.
Горхи-Тэрэлжээс хойш орших Хан Хэнтийн дархан цаазат газартай 2004 онд Мөсөн голын хүрээлэн эгч-дүүгийн харилцааг тогтоожээ. Хан Хэнтийн дархан цаазат газрыг 2013 онд хоёр хуваасны нэг нь Горхи-Тэрэлжийн хүрээлэн болсон байна. Монголын нийслэл Улаанбаатараас 37 км зайд, тус улсын зүүн хойд нутагт Горхи-Тэрэлжийн үндэсний хүрээлэн байрладаг.
“Уг эгч-дүүгийн харилцааны зорилго нь олон улсын солилцоогоор хүрээлэнгийн ажилтнууд туршлага хуримтлуулах, тулгардаг ижил төстэй сорилтоо хэлэлцэх, хоёр орны нийгэм соёлын үнэт зүйлсийг хуваалцахад оршино” гэж Мөсөн голын үндэсний хүрээлэнгийн удирдлагууд мэдэгджээ. Ижил өргөрөгт байрладаг учир Монгол, Монтана муж улсын газрын тогтоц, экосистем, онгон байгаль ижил төстэй байдаг. Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, мэдээлэл солилцоход уг ижил төстэй байдал нь онцгой давуу тал болдог юм.
Газар зүйн мэдээллийн системийн зураг зүй, мөрөөр мөшгих чадварыг хөгжүүлэх, боловсрол, залуучуудын хөтөлбөр, устах аюулд ороод буй төрөл зүйлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги зэрэг олон төрлийн төслөөр хүрээлэнгүүд хамтран ажиллана.
Аяллынхаа явцад Монголын төлөөлөгчид Мөсөн голын хүрээлэнгээр зочилж, хүрээлэнгийн ажилтнууд, ашгийн бус хамтрагчидтай нь уулзсан байна. Мөсөн голын үндэсний хүрээлэнд Монголын Байгаль орчны яамнаас хэдэн жилийн өмнө бэлэглэж байсан, монгол гэрийг мөн тэд хамтран барьжээ. Монголын төлөөлөгчдийн Мөсөн голын үндэсний хүрээлэнгээр аялах зардлыг тус хүрээлэн гаргасан байна.
Х.Аминаа