О.Сэргэлэн эмчийг УНТЭ-ийн “Хүндэт дэвтэр”-т алдаршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-07 14:59:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон Дэлхийн шилдэг таван мэс засалч эмчийн нэгээр шалгарсан О.Сэргэлэн эмчид хүндэтгэл үзүүлэв.
Тус эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж хэлэхдээ, "Бидний дундаас дэлхийн хэмжээний шилдэг эмч гарсанд ихэд бахархаж байна. Энэ бол Анагаах ухааны дээд оргил болсон Эрхтэн шилжүүлэн суулгах технологи, инновацийг өөрийн орондоо амжилттай нутагшуулсан манай баг хамт олны хичээл зүтгэл хамтын ажиллагааны үр дүнгийн нэг илрэл юм” гэв. Мөн тэрбээр О.Сэргэлэн эмчийн цаашдын эрдэм шинжилгээ, эмчилгээ судалгааны ажилд нь амжилт хүсээд УНТЭ-ийн “Хүндэт дэвтэр”-т алдаршуулж үлдээх болсноо хэллээ.

ЭМЯ-ны Мэс заслын болон Эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн, УНТЭ-ийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Элэг шилжүүлэн суулгах багийн үндэсний ахлагч, Монгол Улсын Хүний гавьяат эмч О.Сэргэлэнгийн эрүүл мэндийн салбарт элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэхэд өөрийн авъяас билэг, сэтгэл зүрх, мэдлэг оюун, ур чадвар бүхнээ зориулан үнэтэй гавьяа байгуулж ажиллаж буй өндөр амжилт, зүтгэлийг үнэлэн УНТЭ-ийн "Хүндэт дэвтэр"-т бичиж, гэрчилгээ олгов.

О.Сэргэлэн эмч, “Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлсэн гэхэд танхим дүүрэн хүн алга нижигнүүлэн талархан хүлээн авсан. Сайн баг, удирдлага, хамт олон, багш шавь нарын минь гавьяа гэж бодож зогслоо. Энэ бол зөвхөн миний шагнал биш та бүхний минь ч гэсэн шагнал юм шүү хамт олондоо баярлалаа” гэв.
Ж.Болор
Связанные новости