Дорноговь аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-09 13:38:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд зохион байгуулж буй “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлсэн талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх зорилго бүхий энэхүү сургуулилтад нийт 600 гаруй ажилтан, алба хаагчид оролцож байна. Сургуулилтын үеэр аймгийн Онцгой комисс, сум, багийн Засаг дарга нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, газар хөдлөлт, хүчтэй цасан болон шороон шуурга, хүний болон мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх, шуурхай арга хэмжээ авах зэрэгт суралцах юм. Сургуулилт энэ сарын 11-нийг дуустал үргэлжилнэ.

Шадар сайдын аймгуудын Засаг дарга нартай байгуулсан гэрээний дагуу ОБЕГ-аас энэ жил Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Архангай аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулсан байна.

Ч.Ариунболд
Связанные новости