Хэнтий аймгийн өвөлжилт, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдалтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-17 17:33:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаар ахлуулсан баг Хэнтий аймагт ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний болон өвөлжилтийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал бэлтгэлтэй танилцлаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амаржих газар, хүүхэд, дотор, яаралтай тусламж 103, хүлээн авах тасгийн үйл ажиллагаатай танилцаж үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсож зохих үүрэг даалгаврыг өгч ажиллав.  

Тус аймгийн хэмжээнд  томуу, томуу төст өвчний эрсдлээс сэргийлэх бэлэн байдлын төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 12 заалтаар гарган хэрэгжүүлэн, томуу томуу төст өвчний мэдээг 7 хоног бүр авч нэгтгэн, ХӨСҮТ-д хүргүүлж, эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээллээр ханган ажиллаж байгаа аж. Аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл өнөөгийн байдлаар амбулаторийн үзлэгийн 4.6 хувийг, түргэн тусламжийн дуудлагын 8.1 хувийг эзэлж байна.

Улирлын томуугийн вакцинд тархвар судлалын заалтаар хамрах эрсдэлт бүлгийн хүн амын судалгаа гаргаж, дархлаажуулалтыг зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг  хэвтэн эмчлүүлэх 29 ортой, 17 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд томуугийн дэгдэлтийн үед Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Халдвартын тасагт ор нэмж ажиллах, эмч сувилагчийг нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

Ажлын хэсэг тус аймгийн эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдийн санал гомдол болон олон нийтийн хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр гарч буй зарим мэдээллийн дагуу аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж,  эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлаар мэдээллийг авав.  Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч, мэргэжилтнүүдэд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн харилцаа хандлага, ажлын хариуцлагатай холбоотой алдаа дутагдлыг засах үүрэг өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, Эрүүл мэндийн сайдын баримтлан ажиллах 5 чигийг танилцууллаа.
Ажлын хэсэг Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай уулзаж, тус аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар өгсөн зөвлөмж, чиглэлээ танилцуулав. 
Связанные новости